Шилдэг боксчин МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийж "уламжлалын дагуу" ялалт байгууллаа.
Мэргэжлийн рингэнд 12 тулаан хийж бүх өрсөлдөгчөө ялсан МУГТ Э.Цэндбаатар энэ удаад WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсээ хамгаалах тулаан хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь мэргэжлийн рингэнд 17 тулаан хийж 14 ялж, гурав ялагдсан АНУ-ын Хумберто Галиндо байлаа. Хумбертогийн хувьд Мексик гаралтай бөгөөд 14 ялалтынхаа 11-ийг нь дутуу гаргасан шаггүй тулаанч юм.
59кг жинд тулалдсан Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь түүнээс ялимгүй өндөр нуруулаг тамирчин байлаа.
Тулаан нийт 10 үе үргэлжилсэн ба тулааны туршид МУГТ Э.Цэндбаатар бүтэн удирдаж тулалдан шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялалт байгууллаа. Ингэснээр манай тамирчин дэлхийн чансаагаа хангалттай ахиулж чадлаа.
МУГТ Э.Цэндбаатар тун удахгүй дараагийн тулаанаа WBO холбооны аваргын бүсний төлөө тулалдах төлөвтэй байна.