Холимог тулааны монголын шилдэг тулаанч З.Шинэчагтага One Championship холбоонд долоо дахь тулаанаа хийх гэж байна.
"Ширэн Бээлий" клуб, "ZorkysMMA" багийн тулаанч З.Шинэчагтага хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сард БНСУ-ын Квон Вон Илтэй тулалдсанаас хойш тулалдаагүй нэлээдгүй хугацааг үдээд байгаа юм. Тэгвэл ердөө хоёр хоногийн дараа (Долоодугаар сарын 12-ны өглөө) "One Gight Night 33" тоот тулаанд дахин тулалдах гэж байна. Энэ өдөр муай тай болон холимог тулааны төрлөөр нийт найман тулаан явагдана.
З.Шинэчагтагын энэ удаагийн өрсөлдөгч бол Филиппиний 23 настай залуу тулаанч Жанло Марк Сангио байх болно. Тэрээр хамгийн сүүлд манай Б.Энх-Оргилтой 2023 оны наймдугаар сард тулалдан ялагдаж байсан юм. Филиппиний алдарт Лакай багийн Жанло Марк Сангио нь Лакай багийн ахлах дасгалжуулагч Марк Сангиогийн хүү гэдгийг тулаан сонирхогчид маань мэдэж байгаа биз ээ. Б.Энх-Оргилтой тулалдахаасаа өмнө мэргэжлийн зургаан тулаанд нэг ч ялагдалгүй байсан ба зургаан ялалтаа бүгдийг нь тулааны нэгдүгээр үед дуусгасан шилдэг залуу тулаанч юм.
Ийнхүү хэн хэнийх нь хувьд рингэнд гаралгүй жил гаруй хугацааг үдсэн хоёр шилдэг тулаанч долоодугаар сарын 12-ны өглөө Улаанбаатарын цагаар 09:00 цагт тулалдах хуваарьтай байна.