Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр буюу өнөөдөр /зургаадугаар сарын 19-ны өдөр/ хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдана.
Зургаан өдрийн дараах байдлаар Япон улсын баг зургаан алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн хүснэгтийг хол тасархай тэргүүлж байгаа бол IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс барилдаж буй бөхчүүд хос алт, хос мөнгөн медаль хүртсэн амжилтаар дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолк, эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч нарын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 14 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /зургаадугаар сарын 19-ны өдөр/ энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр бөгөөд хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр аль аль жинд нь тус бүр нэг бөх зодоглоно.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
Энэ жинд Улаанбаатар их дуулгын алт, Тбилисийн их дуулгын мөнгө, Анталя, Ташкентийн их дуулгуудын хүрэл медальт Б.Гончигсүрэн зодоглоно. Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Африк тивийн хошой аварга Египтийн Мохамед Аборакиатай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн +78кг жинд:
Улаанбаатар, Бакугийн их дуулгуудын мөнгөн медальт Амарсайханы Адьяасүрэн зодоглох ба эхний тойрогт мастерсийн хүрэл медальт Нидерландын Карен Стевенсонтой оноолт таарсан байна. Хоёр бөхийн хувьд 2023 онд Тбилисийн их дуулга тэмцээнд нэг удаа учраа таарч Нидерландын Карен Стевенсон давж байлаа. А.Адьяасүрэнгийн барилдах А хэсэг буюу энэ жинг олимпын хошой хүрэл, 2022 оны дэлхийн аварга Францийн Роман Дико тэргүүлэн барилдаж байна.