Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаанууд явагдаж байгаа ба эхний гурван өдрийн дараах байдлаар Япон улсын баг гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол Франц улсын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар дэд байранд эрэмбэлэгдэж байна. Харин манай улсын хувьд эрэгтэйчүүдийн -60кг жинд К.Ёолкын хүртсэн хүрэл медалийн амжилтаар 13 дугаар байрт одоохондоо эрэмбэлэгдэж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй монголын баг, бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр /6 сарын 16/ эрэгтэйчүүдийн -81, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн тэргүүтэй манай гурван бөх хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
Энэ жинд манай залуу бөх О.Шинэбаяр хүч үзэх ба А хэсгийн эхний тойрогт гоц мөргөж энэ оны Парисын их дуулгын мөнгөн медальт АНЭУ-ын Нугзари Таталашвили болон Австрийн залуу бөхийн хэн ялсантай нь хоёрдугаар тойрогт барилдана.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд:
Энэ жинд манай хоёр бөх хүч үзэх ба В хэсэгт энэ оны Душанбэгийн их дуулгын аварга Б.Ганхайч хүч үзэх ба эхний тойрогт гоц мөргөсөн байна. Улмаар хоёрдугаар тойрогт Европ тивийн хошой аварга Чехийн Р.Зачова болон залуучуудын Ази тивийн аварга БНСУ-ын Ч.Шин нарын хэн ялсантай барилдах оноолттой байна.
С хэсэгт дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт өсвөр, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын Кристо Катарина болон залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Кубын Дэл Торо Карвахал Мэйлин нарын хэн ялсантай барилдана.