Чех улсын Усть над Лабем хотноо зохион байгуулагдаж буй боксын Гран при тэмцээнд манай боксчид маш сайн тулаануудыг үзүүлж гурван боксчин шигшээ тулаанд шалгараад байна.
Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европын цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа билээ. Өнгөрсөн сард Польш улсад зохион байгуулагдсан тэмцээнд таван медаль хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө Нидерланд улсад зохион байгуулагдсан “EINDHOVEN BOX CUP” цомын тэмцээнээс дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарсан юм. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр Чех улсын Усть над Лабем хотноо эхэлсэн гран при тэмцээнд гурван боксчин маань алтан медалийн төлөө тулалдах гэж байна.
Хагас шигшээ тулаанд:
- -50кг жинд А.Баттулга Туркийн боксчинг 3:0 харьцаагаар ялсан
- -55кг жинд Х.Билгүүнсайхан Бразилын боксчинд 3:2 харьцаагаар ялагдан хүрэл медаль
- -65кг жинд Э.Бат-Өлзий Германы боксчинг 4:1 харьцаагаар ялсан
- -57кг жинд Э.Мичидмаа Пакистаны боксчинг ялж өнөөдөр аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхээ авсан юм.
Шигшээ тулаан өнөөдөр /6.14-нд/ Улаанбаатарын цагаар 22:00 цагт явагдах ба манай гурван боксчин тулалдана.
- Э.Мичидмаа АНУ-ын боксчинтой /дөрөв дэх тулаан/
- А.Баттулга Японы боксчинтой /10 дахь тулаан/
- Э.Бат-Өлзий Японы боксчинтой /13 дахь тулаан/ тус тус тулалдана