Фиба 3х3 сагсанбөмбөгийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсанбөмбөг сонирхогчдын уухайн түрлэг дор зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ.
Фиба 3х3 сагсанбөмбөгийн ерөнхий захирал Алекс Санчес: "Монгол Улс 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн жишигт нийцсэн төв болохоо зохион байгуулалт, баг тамирчид, хөгжөөн дэмжигчдийнхээ хамт дэлхий нийтэд батлан харуулсан. Иймд 2027 оны Фиба 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохион байгуулахад хамгийн тохиромжтой юм" хэмээн дүгнэсэн байна.
2017 онд Монгол улсад Фиба 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн анх зохион байгуулагдаж байсан бол 10 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар боллоо.
Ташрамд 2025 оны долоодугаар сарын 9-ны өдрийн шинэчлэгдсэн чансаагаар манай эрэгтэй баг дэлхийд 10-т, эмэгтэй баг 7 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.