СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-30

Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилгоор зогсолтгүй ажилладаг техник, тоног төхөөрөмжүүдээ жилд нэг удаа зогсоож, иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг.

“Их зогсолт” хэмээн нэрлэдэг уг засвар үйлчилгээний ажлыг энэ жил зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын нэгний хооронд 48 цагийн хугацаанд хийхээр төлөвлөн, бэлтгэл хангаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын “Технологийн тоног төхөөрөмжийн их зогсолт хийж, засварын ажил зохион байгуулах тухай” А/65 тоот тушаал 2019 оны нэгдүгээр сард батлагдан, холбогдох цех нэгжүүд оны эхнээс хэрэгжүүлжээ.

Үйлдвэрлэлийн “зүрх” гэгддэг Баяжуулах үйлдвэр “Их зогсолт”-д бэлэн болсон байна. Цехийн хэмжээнд “Их зогсолт”-д бэлтгэх 88 ажил төлөвлөжээ. Үүнээс, Бутлан тээвэрлэх хэсгийн 11 дүгээр конвейрын хөтлөх зангилааг солих ажил намар хийгдэхээр хойшлогдсон бол бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу бүрэн биелсэн байна.

Баяжуулах үйлдвэрийнхэн “Их зогсолт”-ын үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн 3 дугаар конвейрын туузыг солино. Үүнтэй уялдуулан, бутлагдсан хүдрийн 65 мянган тонны багтаамжтай агуулахын тал хэсгийг цэвэрлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн 130 мянган тонны хүдэр агуулах багтаамжтай, бутлагдсан жижиг хүдрийн агуулахад засвар хийхээр төлөвлөж байна.

Эдгээр агуулахын засвар, цэвэрлэгээний ажил багагүй цаг хугацаа, хүн хүч шаарддаг тул зохион байгуулалтын өндөр түвшинд бэлтгэж байгааг Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Мөн 19, 20, 21, 22 дугаар конвейрын тэжээх амсрын засвар хийгдэхтэй холбогдуулан тухайн агуулахын ханыг шинэчлэх аж.

Өнөөдрийн байдлаар, “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцад ямар нэг хүндрэл гараагүй. Шаардлагатай бараа, материалыг татан авч, хуваарилсан. Төлөвлөсөн бүх ажлыг жижиг, том гэхгүйгээр хариуцлагатай, чанартай хийхээр ач холбогдол өгч ажиллаж байгаа гэдгийг албаны хүн тодотголоо.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.