СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гамби улсын экс Ерөнхийлөгч гоо бүсгүйг хүчирхийлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

  

Баруун Африкийн Гамби улсын гоо бүсгүй 23 настай Фатоу Жаллов 2015 онд тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Яаяа Жаммад хүчирхийлүүлсэн гэдгээ олон нийтийн өмнө дэлгэсэн байна.

Олон улсын хүний эрхийн Human Rights Watch болон Trail International байгууллагуудаас Гамбийн экс Ерөнхийлөгчтэй холбоотой бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүдийг танилцуулжээ. Яаяа Жамма цөллөгт явж Экваторын Гвиней улсад амьдарч байгаа бөгөөд намынх нь зүгээс эдгээр хэргүүдийг эрс үгүйсгэсэн байна.

Экс Ерөнхийлөгчид хүчирхийлүүлсэн гэх гоо бүсгүй Жаллов “өнгөрсөн түүхийг нууж далдалж, мартахыг хүссэн боловч яг одоо бусадтай хуваалцах цаг нь мөн гэж бодож байна. Яаяа Жамма юу хийснээ сонсох ёстой” хэмээн ярьжээ.

Яаяа Жаммаг цөлөгдсөний дараа 2016 онд сонгуулиар ялж гарч ирсэн одоогийн Ерөнхийлөгч Адама Барровын байгуулсан Шударга ёс, эв нэгдлийн хорооны өмнө гоо бүсгүй мэдүүлэг өгч хэргийг шалгуулахыг хүссэн байна. Тус хороо нь Яаяа Жаммагийн 22 жилийн эрх барих хугацаанд үйлдэгдсэн шударга бус аллагууд, гэмт хэрэг, баривчилгааг шалгаж байгаа юм.

 

Гамбийн Ерөнхийлөгч асан Яаяа Жамма

Гоо бүсгүй Жаллов 2014 онд нийслэл Банжул хотод болсон гоо бүсгүйн тэмцээнд ялсныхаа дараа 18 настайдаа Ерөнхийлөгч асантай уулзсан байна. Гоо бүсгүйн титэм зүүснээс хойш экс Ерөнхийлөгч түүний аавтай уулзаж мөнгө, бэлэг сэлт өгч тусалж дэмжих болжээ. Нэг удаа оройн зоог барих үеэр Ерөнхийлөгч асан өөртэй нь гэрлэхийг хүсэхэд татгалзаж эсэргүүцсэн байна.

2015 оны зургадугаар сард гоо бүсгүйн хувиар Төрийн ордонд шашны арга хэмжээнд оролцохоор ирэхэд түүнийг Ерөнхийлөгчийн хувийн харш руу аваачиж, бүсгүй эсэргүүцэл үзүүлсний хариуд Жамма алгадаж гарт нь ямар нэг зүйл тарьсан гэжээ. Өвдөглүүлэн суулгаж даашинзыг нь тайлан хүчирхийлэл үйлдсэний дараа гоо бүсгүй гэртээ харьж өөрийгөө гурав хоногийн турш цоожилж хөрш зэргэлдээх Сенегаль улс руу зугтахаар шийджээ.

Сенегальд ирснийхээ дараа Гамбийн гоо бүсгүй олон улсын хүний эрхийн байгууллагуудаас тусламж хүсч хэдэн долоо хоногийн дараа Канад явж тэндээ амьдарч байна.

 

Фатоу Жаллов

Экс Ерөнхийлөгчтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч хяналтын ажилтан эмэгтэй 2015 онд Жаммад хүчирхийлүүлсэн тухайгаа мэдүүлжээ. Нэрээ нууцалсан бүсгүйн ярьснаар Ерөнхийлөгч асан өрөөндөө дуудаж хувцсыг нь тайлж, өөрт нь дурласан тул гэр бүлд нь туслахаа амлаж хүчирхийлсэн байна. Бүсгүйд өөр ямар ч сонголт үлдээгүй гэдгийг ойлгож энэ тухай нуун дарагдуулжээ. Энэ мэтчилэн хэд хэдэн түүхийг Ерөнхийлөгч асантай ойр байсан залуу бүсгүйчүүд ярьсан байна.

 

 

Яаяа Жамма нь 1994 онд 29 настайдаа Гамби улсын төрийг тэргүүлж гэмт хэрэгтнүүд, улс төрийн сөрөг хүчнийхнийг цаазын ялаар шийтгэж иржээ. 2016 оны сонгуульд ялагдал хүлээснээ эсэргүүцэж хүчээр үлдэхийг оролдсон боловч бүтэлгүйтэж 2017 оны нэгдүгээр сард цөллөгт явжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.