Ч.Сайханбилэгийн гаргасан захирамжууд хууль зөрчсөн гэв

 

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, иргэн Н.Уламбаяр, хуульч Т.Саруул, Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан нар өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн 2015 онд гаргасан 99, 123-р захирамжуудыг хүчингүй болгуулах тухай асуудлаар Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайдад гомдол гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Тэд өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандсан байна.

Тэдний судалснаар “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 оны 4-р сарын 16-ны өдрийн “Хөрөнгө оруулагч нартай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрсдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт олгосон” тухай 99-р захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн” гэдгийг онцолсон юм.

Мөн “2015 оны 5-р сарын 15-ны өдрийн Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээр хийж, эцэслэн дуусгах, Монгол улсын Засгийн газар буюу Хувь нийлүүлэгчдийг төлөөлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт зөвшөөрсөн тухай 123-р захирамжийг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын хуралдааны журмын 5.1, 6.3, 6.4 дэх заалтууд, Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.2.9 дэх хэсгийн заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8-р зүйлийн 1-р хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 3-р зүйлийн 3.4.4-р зүйлийн 4.1.7 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн нь Монгол улсад санхүү эдийн засгийн хувьд асар их хэмжээний хохиролтой, уг төслөөс ашиг хүртэх боломжгүй, өгөөжийг өмнө төсөөлж байснаас хэд дахин бууруулсан, зээлийн дарамтын улмаас Монгол улсад ирээдүйн аюул занал учруулахаар байна” гэж үзэж байгаагаа мэдээллээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэлэхдээ: “Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөгөөр талууд тохиролцсоны дагуу 14 банк, Олон улсын банк санхүүгийн байгууллага болон Олон улсын экспорт кредит агентлагуудаас нийт 4,3 тэрбум ам.долларыг 2016 оны 6-р сарын 29-ний байдлаар зээлсэн байна.

157B4965 livetv

Нийт 6 тэрбум ам.долларын зээлээс 4.3 тэрбум ам.долларыг банкуудаас авч “Рио Тинто” компани өмнөх өр төлбөрөө барагдуулахад зарцуулсан бөгөөд үлдэх хэсгийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ойрын хугацаанд хэлэлцэн, Төслийн санхүүжилтийн нэмэлт зээл 1,6 тэрбум долларыг авах шийдвэрийг гаргуулахаар ээлжит бус хурлыг товлосон боловч Монголын талын саналаар хоёр удаа түр хойшлоод байна” гэв.

Түүнчлэн “Энэ яригдаад байгаа захирамжуудын талаар Монгол улсын Засгийн газрын гишүүд хүртэл ярьж эхэлж байгаа. Яагаад гэвэл Засгийн газрын хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэхдээ холбогдох яамдаас заавал санал авсан байдаг. Жишээлбэл, ийм том хэмжээний хэлцэл олон улсын гэрээ, эрх зүйтэй холбоотой асуудалд гарын үсэг зурах эрх олгохдоо, нөгөө талаар Монголын ард түмний өмч, түүний 34 хувийг төлөөлж байгаагийн хувьд асуудалд нухацтай хандах ёстой байсан. Сангийн яам, Хууль зүйн яам, ГХЯ, БОАЖЯ-наас огт санал аваагүй. Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулиар Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдсан аливаа ажил үйлчилгээнээс доод тал нь 20 хувийн татвар авах заалт байдаг. Гэтэл Оюутолгойн хувьд тэдний менежерүүд гадаадад амьдардаг, гадаадаас ажил үйлчилгээ явуулж байгаа бол татвар авахгүй гэсэн юм энэ захирамжийн дараа явагдсан байдаг. Энэ бүхнээс үүдээд Монгол улс 3 тэрбум долларын хохирол амсах төлөвтэй байна. Оюутолгойн ордын өмчлөгч нь Улсын Их Хурал. Харин Засгийн газар бол эзэмшигч нь юм. Гэтэл өмчлөгчөөс нь асуухгүйгээр энэ ордыг барьцаанд тавиад олон улсын зах зээлээс зургаан тэрбум ам.долларын зээлийн эрх үүсгэсэн нь байж болохгүй үзэгдэл” хэмээн мэдэгдлээ.

Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхсайхан: 

157B5043 livetv

“Захиргааны журмын дагуу шийдвэр гаргагч энэ шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Иймээс шийдвэрээ хүчингүй болгохгүй бол хууль зөрчсөн уг асуудлыг бид шүүхээр тогтоолгоно. Шүүх шийдвэр гаргасан тохиолдолд уг асуудлыг Улсын их хуралд оруулаад, гэрээний нэг тал, өмчийн эзний хувьд гэрээ байгуулсан талыг дуудаж энэ асуудлыг хөндөнө. Улмаар харилцан тохиролцоо хийхгүй бол олон улсын шүүхэд хандах юм. Хуулийн дагуу 28 хоногийн дотор бидний гомдлын хариуг өгөх ёстой” гэв.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.