Хоёр жилийн дотор “Сэтгүүлч” ордон сүндэрлэнэ

Өнөөдөр Дашням, Балжинням давхацсан намрын дунд сарын билэгт сайн өдөр. Энэ өдөр МСНЭ-ээс "1000 сэтгүүлчийн орон сууц", “Сэтгүүлчдийн ордон” төслийг хэрэгжүүлэх үйл явцын талаар мэдээлэл хийж, эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагуудыг танилцуулан, гэрээнд гарын үсэг зурах ёслол үйлдлээ. Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл 2018-2022 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлуудад сэтгүүлчдийг орон сууцжуулах, хямд, чанартай орон сууцаар хангах төсөл, нөгөө нь “Сэтгүүлч” ордныг барьж байгуулах зорилтууд багтсан. МСНЭ-ийн шинэ удирдлагууд сонгогдоод хагас жил болж байна. Энэ хугацаанд олуулаа ярьж хэлэлцсэний үндсэн дээр бидний хамгийн их анхаарал хандуулах ёстой асуудал нь Монголын сэтгүүлчид ордонтой, өөрсдийн гэсэн байр орон сууцтай болох ёстой гэж үзсэн. Манай салбарынхны хувьд хамгийн тулгамдсан асуудал нь энэ. Хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэл мэдээллийн тухай бид нийтээрээ ярьдаг.

 

tamgatai oron suuts

 

Мөн чөлөөт сэтгүүлчийн асуудал, сэтгүүлч хариуцлагатай, ёс зүйтэй байх тухай ярьсаар байдаг ч эхлээд энэ салбар нь сэтгүүлчийнхээ өмнө, редакц нь ч бас үүрэг хүлээх шаардлагатай гэж үзсэн. Тодруулбал, сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр, санхүүжилтийн бодит, цэвэр эх үүсвэрийг бий болгохгүйгээр салбарын хөгжлийн асуудал ярихад төвөгтэй.

Тиймээс бид ажил хүлээн авснаас хойш энэ тал дээр нэлээд ахиц гаргаж ажиллахыг хичээсэн. Харин Монгол түмнээрээ бэлэгшээдэг энэ сайхан өдөр сэтгүүлчид хамтдаа эдгээр төслийнхөө нээлтийг хийж байгаад баяртай байна” хэмээн хэлсэн юм.

Түүнчлэн МСНЭ-ийн “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээг авснаа нийтэд дуулгав. 5-р сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч” ордон барих газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амласнаа, хариуцлагатайгаар биелүүлжээ.

 

gerchilgee

 

Ийнхүү Ардчилсан хувьсгал ялснаас хойш анх удаа Монголын төр засгаас сэтгүүлчдэд газрын асуудлыг шийдэж өглөө. “Сэтгүүлч” ордныг барих байршил хотын төв цэгээс 2 километрийн зайд буюу СБД-ийн нутаг дэвсгэр, 32-ын тойргийн баруун урд буланд баригдах юм байна.

 

“Сэтгүүлч” ордны зураг төслийг “Марс констракшн” гүйцэтгэнэ.
“Сэтгүүлч” ордны зураг төслийг “Марс констракшн” гүйцэтгэнэ.

 

“Сэтгүүлч ордон нь 16 давхар, зоорийн 2 давхартай байх агаад газрын зөвшөөрлөө авч, зураг төслийн компанитай гэрээ байгуулснаар нийт ажлын 50 хувь нугалагдлаа гэж үзэж байна” хэмээн МСНЭ-ийн тэргүүн хэлсэн юм.

Мөн тэрээр “Одоо санхүүжилт босгоод байшингаа барих л асуудал үлдсэн. Санхүүжилт босгоход гадаад, дотоодын компаниуд, мөн төр засаг, ард түмэнтэйгээ бүх түвшинд хамтарч ажиллах ёстой. “Сэтгүүлч” ордон зөвхөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа эдгээр хүмүүсийн өмч биш. Энэ бол Монголын ард түмний өмч юм. Монгол улс Ардчилсан замыг сонгосон. Ардчиллын хамгийн эрхэм дээд үнэт зүйл нь Хэвлэлийн эрх чөлөө, чөлөөлт хэвлэл мэдээлэл хэмээн Үндсэн хуульд тодорхойлсон. Хэрэв тийм бол эрх чөлөөг дээдлэх, хараат бус сэтгүүл зүйг дэмжих үүрэг бүх Монголчуудын үйлс. Тиймээс “Сэтгүүлч” ордон үеийн үед Монголын нийт ард түмний сайн сайхын төлөө үйлчлэгчийн өргөө, нийтийн өмч байх болно. Сэтгүүлчийн цалинг өсгөхгүйгээр, нийгмийн асуудлыг нь  шийдэхгүйгээр сэтгүүлчээс хариуцлага нэхэх нь хүнд байдаг. Сэтгүүлчид ахуй хангамж муу гээд нийгмийн үйл явдлаас хойш суудаггүй, үнэний төлөө явахаас няцаагүй. Тиймээс сэтгүүлчдийн орон сууцны асуудлыг, цалинг нэмэх асуудлыг шийдэж чадах юм бол бид илүү их хичээл зүтгэл гаргана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

 

157B4832 livetv

МСНЭ-ийн Удирдах зөвлөл “1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр”-ийг 2018-2022 оны бүрэн эрхийнхээ хугацаанд багтаан хэрэгжүүлэх зорилго тавьсан. Хямд өртөгтэй, чанартай орон сууцаар сэтгүүлчдийг хангах энэ төслийн ажлыг эхлүүлэхээр нийт дотоодын таван компанид санал тавьсан юм байна. Ингэхдээ тухайн компанийн хэрэгжүүлж байгаа төслийн орон сууцны 20-30 хувийг “Сэтгүүлчдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах” төсөлд зориулж бусдыг нь зах зээлийн жамаар, үндсэн өртгөөрөө зарж борлуулна уу. Хэвлэл мэдээллийн салбар бол нийгмийн хамгийн том хөдөлгөгч хүч. Тиймээс манай салбарынхан та бүхний хэрэгжүүлж буй төслийн ач холбогдлыг тал бүрээс нь сурталчлан түгээх, олон нийтийг мэдээллээр хангах боломжтой гэдэг ерөнхий зарчмыг тохиролцон хэлэлцээр хийгджээ. Анхны саналыг хүлээн авсан таван компаниас “Шинэ гарц” компани гэрээний хэлцэл хийх хэмжээнд зөвшилцөн тохирсон байна. “Шинэ гарц” компанийн хэрэгжүүлж эхлээд буй 1620 айлын “Шинэ гүрэн” төслийн хүрээнд эхний ээлжинд 400 сэтгүүлчийг 1м2 нь 1 сая 99 мянган төгрөгийн үнэтэй орон сууцанд хамруулахаар талууд  гэрээнд гарын үсэг зурлаа.

“Шинэ гарц” компанийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа:

157B4788 livetv

-Манай компани 2005 онд байгуулагдсан. Салбартаа 10 гаруй жил барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд 900 гаруй айлын орон сууцны захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Мөн үйлдвэр үйлчилгээ, оффис, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулж байсан. Бид нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд БЗД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 1620 айлын “Шинэ гүрэн” төслийг хэрэгжиж эхлээд байна. Төсөл маань 8-10 жилийн хугацаанд үргэлжилнэ.

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяраас тодруулга авлаа.

157B4745 livetv

-Эхний 100 сэтгүүлч хэзээ орон сууцанд орох вэ? Мөн “Сэтгүүлч” ордноо хэзээ барьж эхлэх бол?

-2019 онд эхний сэтгүүлч байрандаа орно. Ирэх жилийн хавар “Сэтгүүлч” ордныхоо барилгын ажлыг эхлүүлнэ гэдгийг баттай хэлье. Учир нь тэр үед санхүү боссонгүй, мөнгө олдсонгүй гэдэг шалтгаан огт тоочихгүй. Аливаа ажлыг хийхийг зорих юм бол заавал бүтдэг. Тиймээс хоёр жилийн дотор “Сэтгүүлч” ордон сүндэрлэн босно. МСНЭ-ээс 4700 сэтгүүлчийн асуудал ярьж байгаа. Сэтгүүл зүйн салбарын хэмжээнд 5000 сэтгүүлч ажиллаж байна гэсэн тоо бий. Орон сууцанд хамрагдах ерөнхий шаардлага нь сэтгүүлч нийгмийн даатгалаа төлдөг, редакци нь өөрөө бизнесийн хувьд хүчин чадалтай, сэтгүүлч өөрөө мэргэжлийнх байх ёстой. Мөн салбартаа олон жил ажилласан байх, эсвэл нийгмийн нэн тулгамдсан асуудалтай байна уу гэх зэрэг нөхцөл байдлыг ч харгалзана. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч урьдчилгаа 30 хувиа төлж зээлд хамрагдана. Энэ явцад МСНЭ мэдээж дэмжиж ажиллана. Сэтгүүлч байрны урьдчилгаа 30 хувиа өөрөө төлөх ч, ерөнхийдөө зах зээлийн үнээс 50 хувь хямдаар төлөх боломж бүрдүүлж өгч байна. Хамгийн гол нь сэтгүүлч, редакци, МСНЭ хоорондоо гурвалсан гэрээ байгуулна. Бид сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхийн хажуугаар редакциудаа дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл сэтгүүлч редакцдаа тогтвортой ажиллах тэр нөхцөлийг бүрдүүлж энэ төслийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр редакци өөрөө МСНЭ-д сэтгүүлчээ санал болгоно гэсэн үг. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс редакцид нэгдсэн шаардлага тавина. Гэхдээ бид сэтгүүлчээ ч,  редакцаа ч бодсон шийд гаргана.

-Журам хэзээ гарах вэ?

-Ирэх 7 хоногт нэгдсэн байдлаар танилцуулагдана. Эхний ээлжид 270 айлын орон сууц 2019 онд ашиглалтад орно гэж “Шинэ гарц” компанийнхан мэдээлж байгаа. Эндээс 100 сэтгүүлчийг юун түрүүнд байранд нь оруулна. Өөрөөр хэлбэл 2019 онд эхний сэтгүүлч байрандаа орно. Хоёр компанитай гэрээ хэлцэл идэвхтэй явагдаж байгаа учраас хойшдоо 2020 гэхэд илүү олон сэтгүүлч байртай болох боломж бүрдэнэ.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.