“Зам тээврийн яамны гадна үйлдэгдсэн хүн амины хэрэг” гэж нэрлээч!!!
2018 оны 8-р сарын 9-ний орой 21 цаг 45 минутад Зам Тээврийн Хөгжлийн Яамны гадна хүн амины хэрэг гарсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор тухайн үед ЗТХЯ-ны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М, Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насыг бүрэлгэсэн гэх мэдээлэл гарч байв. Харин хэрэг явдлаас хойш 49 хоног өнгөрч, энэ өдөр талийгаачийн аав, ах болоод уг хэрэг дээр ажиллаж буй өмгөөлөгчдийн багийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
Талийгаач маань миний голомт сахих ганц хүү минь байсан юм
Би нэг хүү, хоёр охинтой. Талийгаач маань миний голомт сахих ганц хүү минь байлаа. Харин би хүчний байгууллага болон төрийн байгууллагад 43 дахь жилдээ ажиллаад өнгөрсөн жил тэтгэвэртээ суусан. Төрийн байгууллагад ажиллаж байхдаа хүүгээ төрийн алба гүйцэтгэж яваад амиа алдана гэж төсөөлөөгүй. Миний хүү олонтой, хөгжөөнтэй, юмны эвийг олохын төлөө явдаг хүүхэд байсан. Хүүгийнхээ амиа алдсан тэр хүнд хэцүү өдрүүдэд монгол ёс жудгийг бодоод бид элдэв мэдээллийн хойноос тайлбар хийхгүй дуугүй байлаа. Өнөөдөр 49 хоног нь тохиож байна. Энэ өдөр би хүүгээ архичин байгаагүй, архидан согтуурч байгаад амь насаа алдсан гэх мэдээллийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Би өөрөө ч, миний хүү ч архи уугаад байдаггүй. Манай гэр бүл хүүгээ архичин, танхай, зодоон хийх хүн болгож хүмүүжүүлээгүй. Миний хүү ч тийм хүн байсангүй. Өнөөдөр дөрвөн ач маань өнчирч үлдсэн. Надад хэцүү байна. Би амьд байх хугацаандаа дөрвөн хүүхдээ хүний дайтай явуулахсан, бүгдийг нь сургууль соёлтой болгохсон гэж бодож байгаа. Хамгийн бага хүүхэд нь 1 нас 6 сартай үлдлээ. 20 жилийн дараа энэ хүүхэд аавыгаа асуухад нь “Архи ууж, ажил дээрээ байж байгаад алуулсан юм” гэж хэлэх үү, зодоон хийж байгаад архи уусан хүмүүсийн гарт үрэгдсэн гэж хэлэх үү? Надад маш хүнд байна. Энэ хэрэгтэй холбоотой ноцтой ноцтой баримтууд байгаа. Бид үе шаттайгаар гаргаж тавина.

Ажлын өрөөнд нь ороход компьютер нь асаалттай, пиджак нь өлгөөтэй байсан
Айл айлд хүний хайрыг татсан сайхан хүүхэд байдаг, талийгаач минь тийм л хүүхэд байлаа. Хүний ганц хүү, миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаад ид хийж бүтээх насандаа төрийн албан хаагч, харгис хэрцгий алуурчны гарт ажлын байрандаа, төрийн яамны үүдэнд амиа харамсалтайгаар алдсанд гүнээ эмгэнэж байна. Миний дүүг амь насаа алддаг тухайн өдөр яамны гурван давхрын өрөөндөө архидан согтуурч байсан Махбал, Лхагвасүрэн, Энхбат Ганхуяг, Цэцэгмаа нарын хүмүүс зориудаар дуудан хүний ёсоос гадуур, ёс бусаар хандсан байдаг. Үүнийг нотлох нотолгоо талийгаачийн тэр өдөр барьж байсан гар утсанд нь байсан. Би хэрэг гарсны дараа дүүгийнхээ ажлын өрөөнд ороход компьютер нь асаалттай, пиджак нь өлгөөтэй, гэрэл нь асаалттай байсан. Болсон үйл явдал бол Монгол улсын өнөөгийн намчирхал, хуваагдал, эрх мэдэл, эдийн засгийн төлөөх том бүлэглэлийн улайрал, хүн хүнээ огтхон ч хүндэтгэхээ больсон энэ төрийн нүүр царай, илрэл гэж бодож байна. Миний дүүгийн албан тушаалыг хууль бусаар булаан авахаар 2018 оны 2-р сарын 13 өдөр зохион байгуулалттай шат дараатай ажлуудыг хийж байж. Тухайлбал, 2018 оны дөрөвдүгээр сард төрийн албаны зөвлөлийн 26 тоот тогтоол гарч, миний дүүг томилолтоор явсан хойгуур нь С.Дорждагва гэдэг хүнийг томилуулахаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд санал болгосугай гэсэн тогтоол гаргасан байсан. Энэ хэргийг төрийн гурван өндөрлөг анхааралдаа авна гэж итгэж байна. 1998 онд С.Зориг агсныг хэрцгийгээр хөнөөн, өнөөдөр ч энэ хэргийг үнэн зөвөөр шийдсэн нь эргэлзээтэй байна. Энэ бол улс төрийн ялзралын илрэл. Хуулийн байгууллага энэ хэргийг шударгаар шийднэ гэж итгэж байна. Эс бөгөөс ард түмнээс дэмжлэг хүсэж, та нарт хандах болно. Энэ хэрэгт ямар нэг хэлбэрээр нөлөөлсөн албан тушаалтнууд хариуцлагын гадна үлдэх ёсгүй.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх оролдлого байна
Талийгаачийг тухайн өдөр архидан согтуурсан байсан мэтээр мэдээллүүд гарсан нь хүний ёсонд ч харш юм. Энэ бол хүн амины хэрэг. Олон нийтийн анхаарлыг архитай холбон төөрөгдүүлэх ямар хэрэг байсан юм бэ. Эндээс хэн ямар ашиг хонжоо олох вэ гэдэг эргэлзээ өмгөөлөгч нарт өөрийн эрхгүй төрж байгаа. Хойшид уг хэргийн талаар “Зам тээврийн яамны гадна үйлдэгдсэн хүн амины хэрэг” гэж нэрлээч. Мөн энэ хэргийн талаар хамгийн анх, 14 цагийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төлөөлөгч “Энэ хэрэг архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн” гэж мэдээлсэн. Гэтэл хэрэг гарсан байдлыг одоо хүртэл мөрдөн шалгаж байна ш дээ. Хэргийг дүгнэж ярих эрхтэй цорын ганц субъект нь прокурор байтал ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч буруу мэдээлэл тараасан.
Би талийгаачтай хамт ажиллаж байсны хувьд архинаас хол явдаг хүн болохыг нь батална. Энэ хэрэгт хуйвалдааны шинжтэй зүйл бий. Энэ хэргийг өнгөрсөн хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, дараа нь нийслэлийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байв. Харин одоо ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар мөрдөгчдийн ажлын хэсэг томилсон юм билээ. ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа гэж мэдээлсэн. Өнгөрсөн 49 хоногт тараасан мэдээллүүдээс нэгтгэн дүгнэхэд уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого байна. Энэ нь эрүүгийн гэмт хэрэг юм шүү. Зориуд мэдээлэл тарааж байгааг бид ажиглаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул бид та бүхний асуултад хариулах боломжгүй байна. Үүнийг ойлгоорой” хэмээн хэлсэн юм.
Харин хурлын төгсгөлд бид өмгөөлөгчөөс дараах асуултад хариулт авлаа.
-ЗТХЯ-ны зүгээс талийгаачийн ар гэрийнхэнтэй ямар харилцаатай байгаа бол. Ялангуяа өнөөдөр 49 хоног нь тохиож байна. Монгол хүний ёс жудгийн хувьд хамт олон албан байгууллагаас хандаж буй хандлагын талаар тодруулах гэсэн юм?
-Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх заалттай. Нэг удаагийн буцалтгүй тусламж өмнө нь олгогдсон байсан. Харин өнөөдөр 49 хоног дээр хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдсон эсэх тухай мэдээлэл одоогоор надад байхгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.