Тайландад хулгайн гэмт хэрэгт шалгагдсан Монгол улсын хоёр иргэнийг авчирчээ
Тайланд улсад зөвхөн 2019 он гарсаар монгол иргэдийн холбогдсон хулгайн таван удаагийн үйлдэл илэрч, есөн хүн баригдан шалгагдаж байгаа талаар ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан.
Монгол, Тайланд улс хоорондын Засгийн газрын хэлэлцээрээр 2007 оноос хойш хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсныг хулгайч нар ийнхүү ашиглаж, тайланчуудын шүтээн болсон Эзэн хааны ордноос хүртэл хулгай хийсэн анхны улс болоод байна. Таван удаагийн үйлдлийн дөрвийг нь нэхэн сануулбаас,
-Бангкок хотын Суварнабуми нисэх буудалд 41 настай Б.Төрмөнх, 40 настай Б. Хишигбат, 35 настай Б.Өлзийбаяр гэх эмэгтэйн хамт баривчлагдсан. Тэднийг баривчлах үед биедээ 200,000 бат, 8,665 ам.доллар, 3,650 евро, 900,000 иен, 1,355 аргентины песо, 500 авс.доллар, 400,000 вьетнам дон авч явсан нь илэрсэн.
-М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэх Монголоос ирсэн гурван иргэн Тайландын хааны ордон байсан сүмд жуулчдын эд зүйлсийг хулгайлсан хэргээр баривчлагдсан. Эдгээр халаасны хулгайчид сүмд аялж байсан америкийн жуулчдын мөнгө, төлбөрийн карт, үнэт зүйлсийг хулгайлан худалдан авалт хийжээ.
-Шри Ланкын Калутара Норт дүүрэгт 6,5 сая рупийгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан гэх гомдол гуравдугаар сарын 12-ны өдөр ирсний дагуу таван этгээдийг баривчилсны дунд 43 настай монгол эмэгтэй байжээ.
-Тайландын нийслэл Бангкок хотод Словакаас ирсэн жуулчин өнгөрсөн даваа гарагт хэтэвчээ хулгайд алдсан ба хэрэг гарсан газраас холгүй хулгай хийсэн гурван этгээдийг баривчилсан нь Монголын иргэн 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, 27 настай Б.Эрдэнэбаяр нар байжээ. Сэжигтэн Г.Ихбаяр, И.Мөнхбаяр нар нь өөрсдийгөө "Монголд алдартай рэпперүүд" гэж мэдэгдсэн ч энэ нь хуурамч мэдээлэл байсан гэж эх сурвалжид дурдсан байна.
Тайландад хулгайн гэмт хэрэгт холбогдсон эдгээр есөн хүнээс хоёрыг нь нутаг буцаахыг Тайландын цагдаагийн байгууллага зөвшөөрсөн учир өчигдөр эх оронд нь авчирчээ. Үлдсэн долоон иргэнийг хулгайн хэрэгт үргэлжлүүлэн шалгах шаардлагатай учир нутаг буцах зөвшөөрлийг нь албан ёсоор өгөөгүй байна.
Эх орондоо ирсэн хоёр иргэнийг хэрхсэн талаар лавлахад "Тэдгээр хүмүүсийн хурууны хээ, зургийг авч нэгдсэн бүртгэлд бүртгээд суллан явуулсан. Өөрсдийгөө хэлмэгдсэн" гэж мэдүүлсэн гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.