Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангавал “төр урамшуулдаг”
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх боломжтойг манай улсад хуулиар баталгаажуулсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан байгууллага дараах урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
Тухайлбал, аж ахуйн нэгж, компаниуд 50-иас дээш хувиар хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан бол "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас тодорхой хөнгөлөлт урамшууллыг хүртэнэ гэж Монгол улсын "Хөдөлмөрийн тухай хууль"-д заасан. Харин "Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн сан"-д бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж буй ажил олгогч нь тухайн "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-тай гэрээ байгуулдаг байна.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгосон эхний 6 сарын цалингийн 60%-ийг Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн буцаан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хуулийн дагуу хагас жилээс дээш хугацаагаар ажиллуулсан бол дээрх хувьтай тэнцэх хэмжээний мөнгө танай байгууллагын дансанд буцаж байршина.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 18 сараас дээш хугацаагаар ажиллуулж буй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас тус компанид буцалтгүй тусламж болгон олгоно.
Мөн тухайн иргэнийг дадлагажуулах замаар ажлын байраар хангасан бол гаргасан зардлыг "Хөдөлмөр эрхлэлтийн сан"-гаас байгууллагад буцаан олгодог ажээ.
Энэ мэтчилэн манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хандах нийгэм, олон нийтийн хандлага өмнөх үеийг бодвол харьцангуй эерэгшиж байна. Гэхдээ нийтийн тээврээр зорчихдоо “Хөнгөлөлттэй зорчигч” гэхийг бус “Баярлалаа” гэдэг үгийг сонсмоор байдгаа харааны бэрхшээлтэй иргэн П.Эрдэнэбат өгүүлсэн байна. Тэрээр өдгөө найз Н.Мөнхтөрийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Call center”-т ажилд оржээ.
П.Эрдэнэбат: “Би ажил хайж байхдаа олон төрлийн лекц сургалтад хамрагдаж байсан. Ингээд харааны бэрхшээлтэй иргэд лавлах төвд ажиллаж болох юм байна гэдгийг ойлгоод энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандсан боловч харамсалтай нь хараагүй хүн ажиллана гэдэгт нь итгээгүй юу, эсвэл ур чадваргүй гэж үнэлсэн үү сайн мэдэхгүй юмаа ажил олдохгүй л байсан. Ингээд холбоондоо хандаад энэ ажилд орсон. НДЕГ лавлах үйлчилгээгээ өргөжүүлж саяхан call center-тай болсон. Бид утсаар иргэдийн лавласан мэдээллийг нь өгч байна. Хараагүй иргэдэд зориулсан компьютерийн тусгай программ байдаг. Түүнийг ашиглан иргэдэд мэдээлэл өгдөг. Сонсголын бэрхшээлтэй иргэд дурын хэлтэс дээр очоод ойлголцоод мэдээлэл үйлчилгээ авч чадаж байна. Зарим хэлтсүүд даатгуулагчийн буландаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан нүдний шил хүртэл тавьсан байдаг” хэмээн хэлсэн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.