АТГ-ын шууд хурлын үеэр Ш.Түвдэнбалжир өргөдлийн хариугаа нэхлээ
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир өнөөдөр АТГ-аас хийж буй хурлын үеэр өргөдлийн хариугаа нэхэв.
Тэрээр “Би АТГ-т өргөдөл өгөөд бүтэн найман сар өнгөрлөө. Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг 330 тоот тогтоол гаргахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэдэг тухай асуудал л даа. Гэтэл энэ хэрэг маань Улсын дээд шүүх дээр очоод Засгийн газар буруутгагдаад эсрэг талдаа гарчихлаа. Өргөдлийн маань хариуг яагаад өгдөггүй юм бэ. Хариуг бичгээр өгөх боломж байна уу. Бид дээд шүүхийн Ерөнхий шүүгчид өргөдлөө өгмөөр байна” хэмээн хэлсэн юм.
Харин түүний асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Таны өгсөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлын 49 хувийн хувьчлалын мөнгө, эдгээр мөнгөний бүрдүүлэлт хаанаас бүрдсэн бэ, энэ мөнгө хэрхэн яаж гарч ирсэн бэ гэдэг асуудал дээр Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаран шалгаж байна. Энэ тусгай ажлын хэсэг таны өгсөн өргөдлийн дагуу асуудлыг анхааралтай шалгана. Харин манайх дээр 49 хувийн мөнгөний бүрдүүлэлтийн асуудал л шалгагдахаас бус хувьчлалтай холбоотой асуудал шүүхийн журмаар шийдвэрлэгдэх ёстой” гэсэн хариуг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.