Бид хар тугалган сумаар амьтан агнаж, түүнийгээ идэж, өөрсдийгөө хордуулдаг

МУИС-ийн багш, Биологийн олон янз судлаач Н.Батсайхан энэ удаад бид хар тугалган сумаар амьтан агнаж, түүнийгээ идэж, өөрсдийгөө хордуулж буй тухай сэрэмжлүүлэг хүргэжээ. Түүний цахим хуудастаа нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.

Хар тугалга (химийн үелэх системд Pb- Plumbum, хэмээх латин нэртэй, англи хэлээр lead хэмээдэг)-аар “Алтан тэвшийн хөндийн хөрс бохирджээ”, “хүүхдийн цуснаас хар тугалганы агууламж хүлцэх хэмжээнээс их гарчээ” гэх мэдээг бид олонтаа сонсож, бас уншиж байдаг. Хүний бие эрхтэнд ямар хөнөөлтэйг би судалдаггүй тул мэдэхгүй, харин гадны мэдээллийн эх сурвалжаас л гүйлгэн уншиж байсан төдий.

Энэ удаа үлийн цагаан оготноор зонхилон идшилдэг хээрийн бүргэд, шилийн сар, идлэг шонхор зэрэг агаарын ангууч болоод хярс, үнэг зэрэг газрын ангууч зэрлэг амьтанд анчдын буунаас “ниссэн” хар тугалган сумнаас үүдэлтэй хөнөөл, уршигийн тухай гадаад олон улсад хийсэн судалгааны зарим ажлыг шүүн үзээд, дор дурдах зүйлсийг тунгааж, та бүгдэд танин мэдүүлэх, бас сэрэмжлүүлэх зорилгоор дэлгэж байгаа юм.

Энэ цаг дор гөрөөсний цусны “дажин” эхэлсэн биз. Бас цусан эврийг нь авах гэж буга намнаж буй нь мэдээж хэрэг. Намар цагт зэрлэг гахай, хар сүүлт, хулан бусад тураг амьтдын зэрэгцээ, хур, галуу, нугас, ятуу, бүр хойлог гээд шувуудын агнуур хааяагүй буун дуу хадааж, сум исгэрнэ.

Гэвч Европ, АНУ-д хийсэн олон судалгааны үр дүнгээс үзэхүл, анчдын агнасан тураг ангийн үлдэгдлээр хооллосон зэм иддэг амьтад болох баавгай, чоно, үнэг, коёт давжаа чоно, пума ирвэс, хэрээ, цагаан толгойт бүргэд, цармын бүргэд зэрэг олон зүйл амьтад бууны сумны хар тугалгаар хордсоныг илрүүлжээ.

Зарим эх сурвалж хүн амд хар тугалганаас улбаатай хордлогын тухай ухуулга, сурталчилгааг түгээсэн байх нь элбэг (montanaraptor.org/education/lead-poisoning-information/).

Хар тугалган сумаар агнасан зэрлэг ангийн махыг идэх нь эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй

Магад, хээр хөдөө зэлүүд нутагт буудсан цагаан зээрийн олон мянган зэмнээс идсэн шилийн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд хар тугалгаар хордож үхдэг нь тодорхой, харамсалтай нь манайд ийм судалгаа хийгээгүй тул мэдээ үгүй.

Хярс, үнэг, чоно бусад зэмээр хооллогч амьтдын хорогдлыг бид мэдэхгүй л байгаа даа.

Зэрлэг тураг амьтныг одоогоор, зөвхөн хар тугалган сумтай буугаар л агнаж байгаа нь үнэн шүү дээ. Засгийн газар хар тугалган сумны хэрэглээг хянах шийдвэр гаргаж, хууль, тогтоолд тусгах нь хэдий оройтсон хэдий ч хүн амын эрүүл мэнд, цаашлаад байгаль зэрлэг амьтанд ч тустай үйл болно. Хууль ёсны буу галт зэвсэг эзэмшиж, зохих зөвшөөрөлтэй, төлбөр хураамж төлж ан ав хийдэг хүмүүст зориулж, хар тугалганаас өөр орлох, хоргүй сум импортлох тухайд бодож, үйл хэрэг болгоосой хэмээх хүсэлтээр энэ бичвэрээ дуусгалаа. 
Монгол хүмүүн хар тугалганаас ангид эрүүл байх болтугай!

Эх сурвалж: Биологийн олон янз байдал судлаач Н.Батсайхан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.