2 их наяд 399 тэрбумыг төвлөрүүлэн, улсын төсвийн орлогыг давууллаа

Татварын албаныхан оны эхний найман сарын үзүүлэлтээр улсын төсвийн орлогоо бүрэн биелүүлсэн байна. Тодруулбал, 2018 онд улсын төсөвт 2 их наяд 375 тэрбум төгрөгийн татварын орлогыг бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Тэгвэл энэ оны эхний найман сарын дүнгээр 2 их наяд 399 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлсэн. Энэ нь улсын төсвийн жилийн орлогыг эхний найман сардаа бүрэн биелүүлсэн гэсэн үг ажээ. Үүнээс хойш он дуустал улсын төсвийн орлогын гүйцэтгэл нь жилийн төсвийн төлөвлөгөөнийхөө давсан дүн болно.

Энэ жил зуншлага сайтай зун болсон шиг эхний найман сарын үзүүлэлтээр л улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 100 хувь биелүүлнэ гэдэг Татварын албаны түүхэнд байгаагүй амжилт” хэмээн Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хэлсэн байна.

Мөн тэрээр “Татварын хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулж байхын тулд бид хууль, эрхзүйн орчноо нэлээд өөрчилж байгаа. УИХ-ын намрын чуулганаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар хууль мөрдөх, хэрэгжүүлэх ажиллагаа нэлээд нарийвчлагдсан зохицуулалттай болно. Тухайлбал, татвар төлөгчийн татварын өрөө төлөх хугацааг одоогийн хуулиар хоёр сар хүртэл сунгаж болохоор байгаа бол шинэ хуулийн төсөлд 24 сар хүртэл байхаар тусгасан. Энэ нь татвар төлөгчдөд татварын өрөө төлөх хугацааг боломжтой болгож байгаа хэдий ч дээр дурьдсан хугацаанд татварын өрөө зайлшгүй төлсөн байхыг зохицуулж, хуулийг заавал мөрдөж, хэрэгжүүлдэг байхыг хуулийн төсөлд тусгаад байна. Мөн татварын хяналт шалгалтыг татвар төлөгчийн эрсдэлд тулгуурлан зохион байгуулан хийж байна. Татвар төлөгч эрсдэлгүй бол заавал шалгах шаардлагагүй гэсэн үг” гэж мэдээлжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.