Хагас сард 1503 иргэн, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Өнгөрөгч өдрүүдэд нийт нутгаар цаг агаар эрс сэрүүсч, цас орсны улмаас хөдөө орон нутгийн зарим замууд хаагдсан билээ. Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн хэлэхдээ “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 100 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 80, эрэн хайх, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 1503 иргэн, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

Улаанбаатар хот орчмоор 09 дүгээр сарын 20-ны өдөр орсон цас, цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-чандмань сумын 52-ын давааны авто зам хаагдаж, олон автомашин цасанд боогдсон дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-аас томилгоот бүрэлдэхүүн, машин техник гаргаж замын хажуу болон зам дээр цасан хунгар үүсч үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон 433 автомашинтай 1300 иргэн, хот хоорондын зорчигч тээврийн 3 автобус 150 иргэн даарч, бээрсэн, түлш, шатахууны хомсдолд орсон, дугуй хагарсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч 9 дүгээр сарын 21-ний өглөөний 05:30 цагт авто замын зорчих хэсгийг хэвийн ажиллагаанд оруулсан” хэмээн мэдээллээ.  Тэгвэл ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 7-16 хэм дулаан, шөнөдөө хасах 3-аас нэмэх 5 хэм дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.