Х.Нямбаатар: Та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй

Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурал Хүүхдийн ордонд хаалттай үргэлжилж байна. Хуралдааныг Барилга хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж арга хэмжээ  эхэлсэн билээ.

 Харин хурлын эхэнд үед мандатын тоонд зөрүү үүсч мандат аваагүй төлөөлөгч зааланд саналын эрхтэйгээр орж ирсэн гэх асуудал гарч, хуралд оролцогчдын дуу өндөрсөн бухимдацгааж эхэлсэн юм.

Нэгэн төлөөлөгч “Намын анхан шатны нэгжээс сонгогдоогүй нэг төлөөлөгчийг гаргана гэж мэдэгдсэн. Гэтэл одоо энэ хүн зааланд сууж л байна. Манай нам бол олон жилийн түүхтэй. Гэтэл өнөөдөр Бага хурлаа ч олигтой зохион байгуулж чадахгүй байна. Том асуудлаа харж, шударга зохион байгуулцгаая” гэж уриалсан ч хурлыг даргалагч Г.Мөнхбаяр хурлыг үргэлжлүүлье гэж байв.

Мөн түүнийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Манай намын хорооны Бага хурал дүрэмд заасан хугацаанаас бүтэн жил хоцорч эхэлж байна. Намын анхан шатны нэгжээс бөөн өрсөлдөөн дундаас хүмүүс ирсэн. Г.Мөнхбаяр дарга аа, олон хүмүүс хурлын журмыг эсэргүүцэж мандатаа өргөхгүй байна. Хэт хайрцагласан байдлаар хурлаа зохион байгуулах гэж дайрах юм. Энэ хүмүүс чинь та бүхэнд зөөлөн суудал өгөх гэж энд ирээгүй.  Мандат өргөсөн хүмүүсийг та нар тийм хурдан тоолох боломжгүй. Мандатыг хэн шалгаж байгаа юм бэ. Хэн орж байгааг ч бид мэдэхгүй байна. Бидэнд жагсаалтаа ч өгөхгүй байна” хэмээн хэлсэн юм.

Хурал даргалагч мандатын комиссыг батлах тогтоолыг хэд хэдэн удаа уншсан ч төлөөлөгчдийн зарим нь эсэргүүцэж байв. Ийнхүү хэсэг шуугисны эцэст төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, үргэлжлүүлээд Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурлын үндсэн илтгэлийг нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд тавьж эхэлсэн. Тэрээр "Нэгдмэл хүч-Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн хүрээнд илтгэл тавилаа.

Өнөөдөртөө багтан Нийслэлийн МАН-ын даргыг тодруулах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.