Тусгай сургуулиудын орчны тохижилтод 320 сая төгрөг шаардлагатай байна

Урлаг соёлын салбарынхан нийгмийн асуудал, тэр дундаа тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад суралцагчдад ахуй орчны таатай нөхцлийг бүрдүүлж өгөх, аюулгүй байдлыг хамгаалах тал дээр дуу хоолойгоо нэгтгэж эхэллээ.

AYN 1 (1)

ЗТХЯ-наас санаачсан Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр буюу уншигчдын сайн мэдэх 100 айлын барилгын материалын дэлгүүрүүдээс зүүн зүгт байрладаг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургууль болон 10, 185-р тусгай цэцэрлэгүүдэд суралцагч хүүхдүүдийн сурч, амьдрах орчныг жишиг байдлаар тохижуулах ажлыг санаачлаад, уг ажилд 320 сая төгрөг шаардлагатай талаар тооцоо судалгааг гаргасан байна.

Уг ажлыг дэмжин Замын хөдөлгөөний тусгай элч УДЭТ-ийн жүжигчин М.Түвшинхүү, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, сэтгүүлч Б.Болдбаатар нар хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлаад байгаа бол, “Лут гүн интернэйшнл” компани болоод, “Нэйшнэл ложистик” компаниуд 25 сая төгрөг хандивласныг хэвлэлийн хурлын үеэр зарлалаа.

ayn 4

Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсаар тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад суралцаж буй 600 гаруй хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж чадах юм. Хандив өгөх хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууд “Дөрвөн бэрх хөгжил” цахим хуудсанд хандаж болох юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч Б.Болдбаатар: “2017 оны байдлаар зөвхөн зам тээврийн осолд 1018 хүүхэд өртөж,  тэдгээрээс 59 хүүхэд амь насаа алдсан. Өнгөрсөн жил 800 орчим хүүхэд, түүний өмнө 1000 орчим хүүхэд осолд өртсөн гэж үзвэл сүүлийн 3-4 жилийн байдлаар Монгол улсад зөвхөн зам, тээврийн ослоор 400 гаруй хүүхэд амиа алдсан.

AYN 4

Энэ статистик нь дайнтай улсууд, дүрвэгсдийн бүс нутгуудад өнгөрсөн хоёр жилд 200 хүүхэд амь насаа алдсан тоо баримттай харьцуулбал даруй нэг дахин их тоо байгаа тул бид энх цагт эх орондоо ийм нөхцөлд байдлаар бяцхан үрсийнхээ амийг алдсаар байгаа нь харамсалтай.  Гэмтсэн хүүхдүүдийн 16,3 хувь нь амь насаа алдаж байгаа гэсэн судалгаанаас харахад бид хүүхдүүд ээ зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг дорвитой хийх шаардлага маш өндөр байгааг харуулж байгаа юм. Иймд сэтгүүлчдээ төлөөлөн энэхүү аяныг дэмжин, юун түрүүнд тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ анхааръя гэж уриалж байгаа юм” гэлээ.

Мөн энэ үеэр “Ээж аавынхаа гараас атгаж яваа, эрүүл саруул үрсийнхээ төлөө анхаардаг шигээ бид тусгай хэрэгцээт боловсролын байгууллагуудад сурч буй хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлд нийтээрээ илүүтэй анхаарах шаардлагатай байна. Эдгээр сургууль цэцэрлэгт хөдөө орон нутаг хэдэн 100 километрийн алсаас, аав ээжийнхээ өврөөс ч салж амжаагүй зургаан настай хүүхдүүд ч ирсэн байхыг хараад сэтгэл өмөрсөн. Тэдэндээ, хараагүй хүүхдүүддээ бид эрүүл аюулгүй орчин, аюулгүй байдлын баталгаа болсон камерийн хяналтын системтэй зам талбай зэргийг бүтээж өгөх шаардлагатай байгаа учраас энэ аянд төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, хамт олны төлөөллүүд бүгдээрээ элгэмсүү сэтгэлээр хандаж, бидэнтэй нэгдээсэй хэмээн хүсч байна хэмээн УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү онцлон хэлсэн юм.

ayn 3

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.