Албан тушаал наймаалцахаар үгсэн тохиролцсон асуудлыг ТЕГ шалгах ёстой гэв
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр “Авлигын тор нэхэгчид Улсын их хуралд үүрлэсэн байна” хэмээн мэдээлэл хийлээ.
Тэд “Өнгөрөгч сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон 60 тэрбум төгрөгөөр албан тушаал худалдах схемийг зохион байгуулсан этгээдүүд өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байна” гээд “Энэ нь эрүүгийн хуулийн 19.2-т заасан Төрийн эрхийг хууль бусаар авах, саатуулах, 19.9-д заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах, 22.4-т заасан хахууль авах, 22.5-д заасан хахууль өгөх гэмт хэргүүдийн шинжийг агуулсан байж болзошгүй учраас энэ хэргийг АТГ бус, Тагнуулын байгууллага сэргээн шалгах ёстой” гэж үзэж байгаагаа мэдээлсэн юм.
Өмнө нь АТГ уг хэргийг хянаад авилга өгсөн, авсан нь тогтоогдоогүй гэж үзсэн тул, дорвитойгоор шийдвэрлэхгүй орхисон байна.
Мөн тэд АТГ-ыг “Авлигачидтай тохиролцдог газар болсон учраас Оффшор, 60 тэрбум, Ерөнхий сайд нарын хэрэг, УБТЗ, Зорчигч тээврийн нэгтгэл, уул уурхай, тендер, гаалиар мэдүүлээгүй 16 тонн химийн хортой бодис оруулсан асуудал болоод, нийслэлийн архив, Стандарт хэмжил зүйн газар, албан тушаалтнуудын Хөрөнгө оролгын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил зэрэгтэй холбоотой хэргүүд шийдэгдэхгүй байна” хэмээн мэдэгдсэн.

Түүнчлэн “2018 оны 1-9 дүгээр сар хүртэл Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлөөс тус байгууллагад 150 гаруй өргөдөл, хүсэлт өгснөөс өнөөг хүртэл нэг ч гомдлыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс авлигатай холбоотой ямар ч хэрэг шийдэгдэхгүй байна гэж үзэж байгаа” гээд “60 тэрбумтай холбогдсон УИХ-ын дарга З.Энхболдын гурван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийн үндэслэлийг гаргаж тавиач гэсэн ч энэ мөн л шийдэгддэггүй. АТГ-т асуудлаа тавиад шийдүүлж чадахгүй байгаа төлөөллүүд энэ хуралд оролцож байна. Яагаад гэвэл Олон нийтийн зөвлөлийг мэдээлэл өгөхөөр улс төржиж байна, захиалгаар мэдээлэл хийж байна” гэж гүжирддэг тул эдгээр хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно” хэмээн Г.Баасан дарга хэлсэн юм.
Харин хурлын төгсгөлд авлигыг илчилсэн, гэрчилсэн, мэдээлсэн хүнийг дарамтлах торгох, нэр төрийг нь гутаах, гүжирдэх ажил явагдсаар байгаа талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн Автобус 1-р баазын Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан Н.Төрбат онцлон дурдав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.