СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нөөцийн махны хомсдол үнийн хөөрөгдөл үүсгэв үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Оюунжаргал

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ, Монгол баян гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Манай улс малын тоо толгой 66 сая 463.7 мянгад хүрсэн. Гэтэл махны үнэ 10 мянга давж байгаа нь хэтэрсэн явдал биш гэж үү. Эрээн даавуун тор барьж лангуу бүрийн худалдагчаас махны үнэ асуух хөгшин буурай “Ээ золиг мах идэхгүй нь, Яаана вэ хүүхээн” гээд худалдагчид руу харна. Худалдагч бүсгүй “Бид махны үнийг нэмсэн биш дээ. Цаанаасаа үнэтэй ирж байгаа нь энэ. Авбал ав, авахгүй бол битгий гоочлоод бай” гээд уцаарлах нь тэр. Цагаан сараас хойш махны үнэ тогтворжсонгүй. Мянга, мянгаар өссөөр нэг л мэдэхэд тэнгэрт хадсан үнэд хүрлээ. Харин энэ нөхцөл байдалтай иргэд хэрхэн нийцэж байна. Цаашлаад махны үнэ тогтворжих ямар боломж бололцоо байгааг сурвалжлахаар “Хүчит шонхор” захыг зорьсон нь энэ. Монголчуудын хүнсний гол хэрэглээ бол мах. Гэтэл мах идэхгүй нь гэх бухимдал иргэдийн дунд аль хэдийн үүсчээ. “Хүчит шонхор” захыг зорьж мах авах гэсэн иргэдийн цуваа тасраагүй. Хямдхан болов уу гээд зориод очиход чих сортойлгосон үнэ сонссон доо. Хэдэн төгрөгөө яаж хоол хүнсэндээ хүргэх вэ гэх бодол хүн бүрт л төрөх байлгүй.

НӨӨЦИЙН МАХАА ХЯТАДУУДАД ХУДАЛДААЛЖ БАЙГАА НЬ МАХНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛСӨН ГЭВ

Бид махны үнийг асуухаар “Хүчит шонхор” захын зүүн жигүүрт байрлах “Махны худалдаа” гэсэн хаягтай тасаг руу явж ороход шар малгай, хантааз өмсөж, хутга заазуураа ирлэж, мах шулан зогсох худалдагч нар үүдээр орж ирэх хүн бүрийг юм уудаа. Хямдхан гэж дуугарсан худалдагчийн лангууг чиглэн очиж “Үхрийн мах хэд вэ” гэхэд ястай нь 12 мянган төгрөг , цул нь 10 мянган төгрөг гэлээ. Янзын сайхан мах гээд хааш, хааш эргүүлж тойруулан харуулсанаа жоохон яриад ав” гэнэ.

Бид дуугүй цааш явж дахин нэг худалдагчаас “Үхрийн мах”-ны үнэ асуухад “цул нь 10 мянган төгрөг ястай нь 9000 төгрөг “ гэв. Харин ямааны мах 7500-8500 төгрөгийн үнэтэй байв. Адууны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байлаа. Хонины мах 8500-9000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Худалдагч нар өөр өөрийн аманд орсон үнээ хэлдэг бололтой. Хүмүүс яаж ийж байгаад мах авдаг. Авах нь дамжиггүй гэж тэд иргэдийг ангуучилдаг болж. Ийн зогсох үед нэгэн залуу “Та нар л махны үнийг хөөрөгдүүлж байна” гэж худалдагч руу үг хаяж байлаа. Худалдагч залуу жишимчгүй “Хямдхан махаа олоод ид” гэлээ.

. Махны үнийн хөөрөгдөл иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна. Арга ч үгүй юм уудаа. Тэр дундаа хөгшчүүд тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг аваад хоол, хүнсэндээ арай хийж хүргэдэг. Энэ удаад харин махнаас илүү зүйл авч чадахгүй байгаа хүмүүс ч тэдний дунд цөөнгүй. Урьд нь тэтгэврийнхээ мөнгөөр хүнсээ цогцоор нь худалдаж авдаг байсан. Гэтэл одоо байгаа мөнгөөрөө мах авчихсан. Сүүний ч мөнгөгүй үлдэж байна гэх хөгшид байлаа.

Гулууз мах авахад 200 мянган төгрөг, энэ бол доод үнэ.Худалдагч нараас махны үнийн хөөрөгдлийн талаар асуухад “Хятад улс руу нөөцийн махаа их хэмжээгээр гаргаж байгаа. Энэ нь махны үнийн хөөрөгдөлд хүргэж байна. Иргэдийн худалдан авалт муу байна. дээ” гэсэн юм.

Лангууныхаа хойно махаа зогсоо зайгүй шулж байсан худалдагч “Та нар хэвлэл мэдээллээр махны үнэ хөөрөгдлөө гэж худал мэдээлэл цацахаа боль” гэж биднийг зандрах нь тэр. Ямартай ч тэд өөрсдөдөө “өө” халдаахгүй гэсэндээ махны үнийн хөөрөгдөл “Хятадууд ихээр экспортолж байгаатай холбоотой” гэж тайлбарласан юм. Тус махны тасгаас гарч урдхан талд байрлах урт үргэлжилсэн лангуугаар орж хонины гулуузны үнийг сонирхлоо. Тэнд хонины мах нэг килограмм нь 7400 төгрөг үхрийн мах нэг килограмм нь 9800 төгрөгний үнэтэй байв.Түүгээр орох иргэдийн хөл хөдөлгөөн ч татарсан байв. Махны худалдагч Д.Нямбуугаас иргэдийн худалдан авалт ямар байгааг асуухад “Муу байна. Мах үнэтэй байна гээд гараад явах юм. Хамгийн хямд мах “Хүчит шонхор” зах дээр байдаг. Гадуур махны үнэ ямар ч хяналтгүй нэмэгддэг. Бид харин хямдхан худалдаалж байгаа” гэлээ.

Бид хажуу талын махны павилон руу ороход “25 орчим настай залуу 22 килограммтай хонины гулуузыг худалдан авч байв. Тэрбээр “Худалдагчаа тооцоогоо хийе. Хэдэн төгрөг боллоо гэхэд 165 мянга болсон” гэв. Мах авбал шуудай авч таарна. Гэтэл том шар шуудайны үнэ 1500 төгрөг болоод нэмэгдчихэж бүр гайхаж орхилоо. Харин гадна талбайд портер машинтай эгнэн зогсох махны худалдаачид харагдсангүй. Хүмүүс мах худалдаж авахаас илүүтэй шулж тавьсан ясыг илүү олзолж байв. Эхнэр, нөхөр хамтдаа явж байснаа “Энэ яснаас нь худалдаж авъя шөл нь янзын гарна шүү дээ” гэж хоорондоо ярих нь сонсогдов. Иргэд үхрийн махны үнэ ханшийг ихэд асууж байсан юм. Ийн бид “Хүчит шонхор” захаас мах худалдан авч буй иргэдтэй уулзаж зарим зүйлийг тодруулав. 

Н.ДОЛГОР: ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЭГДСЭН БОЛОХООР “ЧЕНЖ” НАР МАХНЫХАА ҮНИЙГ ХӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА

(БЗД-ийн иргэн )

-Шинэ мах үнэтэй байна. Тэтгэврээ аваад 100 мянган төгрөгөнд 18-19 килограммтай хонины мах авдаг байсан. Гэтэл 150-220 мянган төгрөгөнд нэг том гулууз авч байна. Уг нь махыг жижиглэнгээр нь авч байхаар гулуузаар нь авчихвал мөнгөнд хэмнэлттэй байдаг юм. Би хонины гулууз авна гэж бодож ирсэн. Энэ жил нөөцийн мах гараагүй болоод ч тэр үү мах илүү үнэтэй байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нөөцийн махыг худалдаанд гаргах шаардлагатай. Манай монголчууд нэг тийм далимдуулдаг зантай хүмүүс. Тэтгэвэр нэмэгдсэн болохоор ченж нар махны үнийг хөөрөгдүүлж байна. Мах ч гэлтгүй өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Надад 150 мянган төгрөг байна. Мөнгөндөө тааруулаад махаа авна даа гэлээ.

Б.НАРАНХҮҮ: ЦӨӨХӨН ХҮН АМТАЙ, ОЛОН МАЛТАЙ УЛС БАЙЖ ЯАГААД МАХ НЬ ХЯМД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ

(Төв аймгийн Жаргалант сумын иргэн)

-Мах идэхгүй юм байна. Үнэхээр үнэтэй байна. Өдөр өдрөөр махны үнэ өссөөр байгаа. Цаашаа яаж өсөхийг бид хэлж мэдэхгүй. Цөөхөн хүн амтай, сая, сая малтай улс байж яагаад мах нь хямд байж болдоггүй юм. Гэтэл махны үнэ тэнгэрт хадчихсан байна. Ченж нар өөрсдөө махаа үнэтэй зарж байна. Бодит байдал ийм л байна юу хэлхэв дээ гэв. 

Ж.ЛХАВГАА: ЭНЭ ЖИЛ НӨӨЦИЙН МАХ ГАРААГҮЙ НЬ МАХНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙГАА

(Говь-сүмбэр аймгийн иргэн)

-Охин төрчихөөд шөлний жоохон мах авахад 42 мянган төгрөг боллоо. Ноос ноолуурын цаг үе болоод далимдуулж байгаа нь энэ. Тэгээд малчид махаа үнэтэй оруулж ирж байгаа. Энэ жил нөөцийн мах гараагүй нь бас нөлөөлжээ. Хэдийгээр сайн, муу хэлдэг нөөцийн махны худалдаа иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлдөг шүү дээ гэсэн юм.

Нийслэлийн стастикийн хорооноос өнгөрөгч долоо хоног буюу гуравдугаар сарын 27-нд Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8368 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9534 төгрөгийн үнэтэй байх бөгөөд махны үнэ тодорхой хэмжээгээр өссөн гэх судалгааг гаргажээ. Баяр ёслолын үеэр махны үнэ хөөрөгддөг нь тогтсон жишиг. Бусад өдрүүдэд малынхаа махыг яагаад хямд худалдаж авч болохгүй гэж. Ченж нар дур зоргоороо махны үнийг нэмдэгээ болих хэрэгтэй байна. Энэ үнийн хөөрөгдлөөс үүдэн иргэдийн дунд нөөцийн мах хэзээ гарах бол гэсэн хүлээлт үүсч байна. Махны үнэ буурсан гэх чихэнд чимэгтэй мэдээг бид хэзээ сонсох вэ. Махаа урд хөрш рүү их хэмжээгээр экспортолсоор байх уу. Ийм байдалтай байвал махны үнэ цаашдаа 10 мянга хол давна гэдгийг худалдаачид онцолж байсан юм. Махны үнэ үнэхээр өссөн үү. Аль эсвэл хоосон хөөрөгдөл үү гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ямартайч энэхүү үнийн хөөрөгдлийг тогтворжуулахад анхаарахгүй бол, ард иргэдийн амьдралд хүнд ачаа болж байна.

“Хүчит шонхор” зах дээрх махны үнэ ханшийн мэдээллийг хүснэгтээр харуулав

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.