Н.Төгсцогтын дараагийн тулаан тавдугаар сард болно
Мэргэжлийн боксын IBO(International Boxing Organization) холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин , сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр болжээ.
2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс 9-д нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан билээ. Хамгийн сүүлд Н.Төгсцогт өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ын дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй , IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон билээ.
Түүнээс хойш түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин, “The Sensation” хочит Кико Мартинезтай хийх сураг гарчээ.
Өөрөөр хэлбэл, Төгсөөгийн өрсөлдөгч өөрчлөгдөх магадлал өндөр байгаа гэнэ. Төгсөөгийн тулааныг зохион байгуулдаг Premier Boxing Champions promotion
мөн манай хүнд энэ жил гурваас цөөнгүй тулааныг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн аж. Энэ бүгдээс дүгнэвэл, он дуусахаас өмнө Рассель-Төгсцогт гэсэн тулааныг харж магадгүй л юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.