Алжирын Ерөнхийлөгчийн 20 жилийн дарангуйлал дуусав

 

Алжир улсын Ерөнхийлөгч Абделазиз Бутефликагийн эсрэг хэдэн долоо хоног үргэлжилсэн иргэдийн жагсаал үр дүнгээ өгч 82 настай ахмад төрийн тэргүүн 20 жилийн дараа огцрохоор боллоо. Тэрээр өнгөрсөн шөнө огцрох хүсэлтээ Үндсэн хуулийн зөвлөлд өргөн барьсан байна.

Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцорсон ч дараагийн сонгуульд дахин нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Абделазиз Бутефлика зургаан жилийн өмнө хүндээр өвчилж олон нийтийн өмнө тун ховор гардаг болсон юм.

Ерөнхийлөгчийн огцорсныг иргэд гудамж талбайдаа гарч тэмдэглэлээ

Түүнийг огцрох болсон тухай мэдээ тарсны дараа Алжирын ард түмэн гудамж талбайдаа гарч машины дуут дохио хангинуулан баярлацгаасан байна. Иргэд төрийн дууллаа дуулж, туг далбаагаа намируулан баяраа тэмдэглэжээ.

Баярын жагсаалд оролцогчид олон жилийн бурангуй дэглэмийг унагаж шинэ үе гарч ирэх болсонд баяртай байна гэжээ. Мөн ардчиллын үнэр үнэртэж эхэлсэнд сэтгэл хангалуун байна хэмээн ярьжээ. Гэсэн ч 1962 онд Францаас салж тусгаар тогтнолоо зарласнаас хойш улс төрийн томоохон өөрчлөлт төдийлөн гараагүй гэж ажиглагчид үздэг.

 

p075bjcs

faa6ed488b0340a9a26517e814ecb8d1 18

 

Дараагийн Ерөнхийлөгчийг ард түмний санал хураалтаар сонгох хүртэл түр хугацаанд үүрэг гүйцэтгэх төрийн тэргүүнийг Үндсэн хуулийн дагуу Сенатын танхимын дарга Абделкадер Бенсалах гүйцэтгэх ёстой. Сонгууль болтол 90 хоногийн хугацаа үлджээ.

Алжир улс нь ОПЕК-ын гишүүн орон төдийгүй Европын орнуудыг хийгээр хангадаг гол нийлүүлэгч юм. Тиймээс барууны эрх баригчид тайван замаар улс төрийн шинэчлэлийг шийдээсэй хэмээн хүсч байна.

Бутефликагийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 28-ны өдөр албан ёсоор дуусах байсан юм. Иргэдийн жагсаал өнгөрсөн хоёрдугаар сард эхэлж, гуравдугаар сарын 1-ний өдөр улс орон даяар олон арван мянган иргэн жагссанаар тэрээр дахин сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдээд зогсохгүй хугацаанаасаа өмнө ийнхүү огцорлоо.

 

Bouteflika 0

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com, www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.