НИТХ-ын ээлжит бус 7 дугаар хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаан дээр НИТХ дэх МАН-ын бүлгээс С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас С. Мөнхчулуун төлөөлөгч өөрийгөө нэр дэвшүүллээ. Хоёр нэр дэвшигч дээр нууцаар санал хураалт явуулах байсан боловч тооллогын комисс байгуулах асуудлаар төлөөлөгчид санал нэгдэж чадаагүй тул 10 минутын завсарлага авсан юм
13:45 цаг
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох санал хураалтын тооллогын комиссийн гишүүнд МАН-ын бүлгээс таван төлөөлөгчийг санал болгосон. Тус бүлгийн дарга Р.Давга НИТХ-ын төлөөлөгч н.Батсүмбэр, Д.Амарбаясгалан, н.Мөнхжаргал, н.Төмөрбаатар, н.Отгонсүх нарыг нэр дэвшүүлж байгаагаа хэлсэн.
Харин МАН-ын бүлгээс оруулж ирж байгаа тооллогын комиссийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа зарим төлөөлөгч илэрхийлж НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан, С.Мөнхчулуун, Э.Бат-Үүл нар хэд хэдэн горимын санал гаргасан. Одоогоор есөн хүн тооллогын комисст нэр дэвшсэн байгаа аж.
13:55 цаг
НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү "Ардчилсан намын бүлэг санал хураах үйл явцад нэг нам хэтэрхий дарангуйлж, бэлдсэн байдлыг бид эсэргүүцэж байна. Тооллогын комисст хяналт байх ёстой. Хэт нэг талыг түрэх, тооллогыг хаалттай хийх, ардчиллын бус зарчмаар явуулах гэж байгаа тул хуралдаанаас хоёр цагийн завсарлага авч байна" гэлээ. Хуралдаан даргалагч НИТХ дэх Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө.