ММСУХ-ны 21 аймаг, 330 сумын уяачдаас авсан санал асуулгаар нийт уяачдын 82.6 хувь нь монгол адуугаараа уралдуулах саналыг дэмжсэн байна. Гэтэл энэ санал нь саяхан болж өнгөрсөн Уяачдын холбооны 7-р их хурал дээр энэ санал дэмжигдээгүй байна.
Учир нь ММСУХ дээр эрлийз морьтой хүмүүс их байдаг учир тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө шийд гаргасан гэж уяачид үзэж байна. Ингэхдээ морьдыг эрлийз, монголоор нь ялгах бус зөвхөн сэрвээний өндөр намаар нь хэмжиж уралдуулна гэх шийдвэрт хүрсэн байна.
Гэвч зөвхөн сэрвээний өндөр намаар уралдуулах нь өрөөсгөл бөгөөд өнөөдөр намхан биeтэй эрлийз морьд ч олширсон гэдгийг онцоллоо. Хамгийн гол нь монголын үндэсний морин уралдаан бол монгол ахуй, ёс заншил, монгол хүний хүмүүжил, төлөвшлийн маш том соёл хамт явдаг.
Зөвхөн уралдах нь соёл биш. Тиймээс өнөөдрийн эрлийз адууг монгол морин уралдаанд оруулж ирж уралдааны шинж рүү оруулж байгаа нь монгол соёлын дархлааг алдагдуулж байгаа хэлбэр гэж морины зүтгэлтэн, судлаачид онцолж байна.
Монгол морь эрлийзтэй уралдах ямар ч боломжгүй зүйл бөгөөд монгол наадамдаа монгол морио уралдуулна гэдэг нь монголын маш том соёлын дархлааг авч үлдэх боломж гэдгийг ч хэллээ. Хэрэв цаашид морио эрлийз монголоор нь ялгахгүй бол монгол адуу устана, монгол адууг дагаад маш том өв, соёл алдагдана гэдгийг ч тэд онцолж байна. Тиймээс төр засгаас бодлого гаргаж Монгол наадамд монгол адуу уралдахыг хуульчилж өгөхийг шаардаж байна.