УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэмт хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлгүй болсон билээ. Тэгвэл тус тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгуулийг энэ оны зургадугаар сарын 30-нд явуулахаар төлөвлөсөн бөгөөд нийт зардлыг 287.6 сая төгрөг байхаар тооцсон байна. Өмнө нь нөхөн сонгуулийн зардлыг 228 сая төгрөгөөр тогтоож байсан.
Харин энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн болон цагдаа, улсын бүртгэлийн байгууллагуудын ажилтнуудын цалин, урсгал зардлыг нэмж, 287.6 сая төгрөг болгосон талаар холбогдох албаныхан мэдээлэв. Уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм. Эргэн сануулахад, өмнө нь тус тойрогт өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол гаргаж байв. Гэвч төрийн албан хаагчийн нэр дэвших эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон байдаг. Улмаар УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч нь нөхөн сонгууль зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, нэр дэвшүүлэх ажил- лагаа эхлэхээс өмнө ажлаа өгсөн байх зохицуулалт хийжээ.
Б.Цэнд