Хууль зүйн Байнгын Хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.
Уг хуулинд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ гэж заасныг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчилжээ.
Учир нь Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхдээ цахим хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавихаар төлөвлөсөн бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг 9.5 сая ам.долларын өртөгтэй байгуулахаар төлөвлөсөн байдаг.
Харин санхүүжилтийг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр шийдэх бөгөөд төслийг БНСУ-аас тавьсан шаардлагын дагуу 9 үе шаттайгаар боловсруулж, ТЭЗҮ-ийн хамт солонгосын талд хүргүүлсэн байна.
Гэвч “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд шаардагдах цахим бугуйвч, түүний техникийн үзүүлэлт, дагалдах тоног төхөөрөмжүүдийн төрөл тодорхой болоогүй учраас хуулийн дагаж мөрдөх хугацааг ийнхүү хойшлуулахаар болжээ. Ингээд байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.