СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-28

Улсын аварга малчин С.Түмэн-Өлзийгийн хотноос бэлтгэсэн сурвалжлага /Сэлэнгэ.Ерөө сум/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ аймагт өвөл өнөтэй, цас бага орсон, урин дулаахан байна. Монгол улсынхаа нийт хүн амын хүнс, хүнсний ногооны дийлэнх хувийг дангаараа хангаж байгаа тус аймагт мал бүхий иргэдийг хязгаарлах бодлого хэрэгждэг ч эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа малчин өрх айлуудын амжилт улсын хэмжээнд толгой цохихоор болжээ.

Учир нь бэлчээрийн газар нутаг хомс тус аймгийн малчид малын тоо толгойг өсгөхөөсөө илүүтэй эрчимжсэн МАА хөгжүүлэх, нэг малаас авах ашиг шимийг 2-3 малынхтай дүйцүүлэхээр хэмжээнд аваачижээ.

Үүнийг нотлох тоо баримт бол зөвхөн 2019 онд тус аймгаас улсын аварга малчин гурав, алтан төлийн эзэд долоо тодорчээ.

Тэдний нэг бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн малчин Санжийн Түмэн-Өлзий юм. Түүний аав н.Санж 1988 онд Улсын аварга малчнаар шалгарч байсан бол 31 жилийн дараа малч удамт хүү С.Түмэн-Өлзий нь ийнхүү аавынхаа алдрыг бататгаж Улсын аварга малчны цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Түүний аваргын цол тэмдэгийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар малчны хотонд нь очиж, гардуулан өглөө.

 Улсын аварга малчин С.Түмэн-Өлзий

Улсын аварга малчин Санжийн Түмэн-Өлзий нь 1968 онд Увс аймгийн Ховд суманд төрсөн. 2008 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ирж суурьшжээ. Нутаг сэлгэсэн шалтгаанаа холын аймагт хүүхдээ сургуульд сургангаа малаа маллахад хүндрэлтэй байсан тул төв нутаг бараадсан нь энэ гэж тэрбээр тайлбарласан. Тэр ч бүү хэл Сэлэнгэ аймагт ирж суурьшсанаас хойш өнчин ишигний ч гарзгүй, нэг ч төл алдаагүй гэнэ. Үүнийгээ тэрбээр Сэлэнгэ сайхан нутгийн тэнгэр хангай ивээж, ивээлээ хайрласных хэмээн ярьж байсан.

 

Тэрбээр хүүхэд байх цагаасаа өдийг хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд 1985-1988 онд цэргийн алба хааж байх хугацаандаа ч адуу маллаж, өөрөөр хэлбэл нэг ч өдөр эрдэнэт мал сүргийнхээ дэргэдээс холдож үзээгүй аж. 1988-1993 онд Ховд сумын Хөгжил нэгдэлд адуучнаар ажиллаж байгаад 1993 оноос хувиараа мал маллаж байна.

С.Түмэн-Өлзийнх Сэлэнгэ аймгийн Ерөө суманд өвөлжиж байна

2016-2018 онуудад малынхаа тоо толгойг өсгөхийг эрмэлзэж дээд тал нь 1047 толгойд хүргэсэн ч өнгөрсөн жилээс тоонд биш чанарт анхаарч эхэлжээ. Энэ ч үүднээс цэвэр баяд үүлдрийн хуц 8, говь гурван сайхан нутгийн эрлийз ухна 2-ийг худалдан авчээ. Ингэснээр малынхаа үүлдэр угсаа, эрчимжсэн байдал, түүнээс хүртэх үр ашгийг нь тооцоолж нийт мал сүргийнхээ  76%-ийг баяд үүлдрийн хонь, 19.4%-ийг өлгийн улаан үүлдрийн ямаан сүргээр өсгөн үржүүлж тоо толгойг нь мянгад хүргэсэн. Мөн цөм сүрэгт эзлэх ямааны тоо толгойг цөөрүүлж 19,4%-д хүргэсэн байна.  

С.Түмэн-Өлзийгийн гэр бүл МАА-саа жилд 1.5 тн мах, 1 тн ноос, 117 кг ноолуурыг бэлтгэн зах зээлд борлуулдаг аж.  19.8 сая төгрөгийн орлогыг олж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Баяд үүлдрийн хонин сүрэг

Нутгийн 5 иргэнийг бүрэн малжуулж, туслах малчид ажиллуулдаг төдийгүй тэдэндээ өөрийн мал маллах арга туршлагаасаа хамаргүй хуваалцаж, төрөөс болон сум орон нутгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дагаж мөрдөн, дэмжиж ажилладаг, татвар болон бусад төлбөр хураамжийг цаг тухай бүрд нь төлж нийгмийн хариуцлагатай үүргээ сайн биелүүлдэг малчин гэнэ.  

Улсын аварга малчны болзлыг хангасан малчдад Монгол Улсын Засгийн газраас улаан халзтай өргөө цагаан гэрийг бэлэглэдэг уламжлалтай. С.Түмэн-Өлзийнх өвөлжөөндөө улсаас бэлэглэсэн таван ханатай гэрээ барьжээ. Гэрийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө. 

С.Түмэн-Өлзий шагналаа гардан авсны дараа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.