Ажил хаялтын үеэр хүүхдийн эрх зөрчихгүй байхыг уриалав
Өнөөдөр “Хүүхэд хамгааллын үндсэний сүлжээ”, “Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих байгууллагуудын үндэсний сүлжээ” хамтран Монголын залуучуудын холбооны байранд хэвлэлийн хурал хийсэн юм.
Тэд “Ажил хаялтын улмаас боловсролын төрийн үйлчилгээнд хамрагдвал зохих 100 мянган хүүхдийн сурах, хамгаалагдах эрх ашиг хөндөгдөж байна. Иймд боловсролын үйлчилгээ хэвийн байдлаа алдаж тасалдах үед талууд хүүхдийн асран хамгаалал, аюулгүй байдлын төдийгүй, тэдний дээд эрх ашиг болох хөгжих эрхийн асуудалд гойд анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ.
Мөн “Хүүхэд хамгааллын тухай Монгол улсын хуулийн 9.1-т Худалдаа үйлчилгээ олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан, замын хөдөлгөөн, хүүхэд оролцсон шалгалт уралдаан тэмцээний үеэр хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон, оролцогч талууд хангаж ажиллахыг, 9.2-т заасан арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулагч хууль, захиргааны арга хэмжээний акт, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсвэл хохирол учирсан бол холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээхээр тус тус зохицуулсан” байдгийг онцоллоо.

Ажил хаялтыг дуусах хүртэл төр болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгж, хамт олон, эцэг эхчүүд, сургуулиудын эцэг эхийн зөвлөлүүд, иргэний нийгмийн байгууллагуудад хандаж өөрсдийн боломж бололцоогоороо хүүхдийн хөгжилд зориулсан зайлшгүй, нэн хэрэгтэй түр үйлчилгээг үнэ төлбөргүй бий болгох, дэмжих, ялангуяа эмзэг гэр бүлийн хүүхэд багачуудыг бүрэн хамруулах. Эцэг эх хүүхэд хүүхэд асран хамгаалагчийн хүүхэд асрах боломж, цагийг дэмжих нэмэгдүүлэх, хөнгөлөлт туслалцаа үзүүлэх зэргээр санаачилга өрнүүлэхийг уриалсан юм.
“Салбарын нийгмийн ажилтан, мэргэжилтнүүд цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн эрх ашиг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн үеийн хариу үйлчилгээнд чанар, шуурхай байдлыг ханган ажиллах хэрэгтэй” хэмээн мэдээлээд боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандан “Хүүхдийн эрхэд мэдрэмжтэй хандах, хүүхдэд үүсэх сөрөг нөлөө, хор хохирол vр дагаврыг урьдчилан тооцоолж сэрэмжлүүлэх, байр сууриа илэрхийлэх, хариуцлагаа мэдэгдэж ажиллах”-ыг сануулсан юм. Төгсгөлд нь Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоогоос дараах тодруулгыг авлаа.
Б.Алтанжолоо: Энэ нөхцөл байдлыг хэрхэн хохирол багатай давах вэ гэдэгт анхаармаар байна

-Ажил хаялт зогсох хүртэл хүүхдүүдээ хэрхэх талаар асуудалд та бүхэн ямар оновчтой шийдлийг санал болгох вэ?
-Энэ хэвлэлийн хурлаар бид багш нарын ажил хаялтын хугацаанд хүүхдүүдээ хэрхэн эрсдлээс хамгаалж, хохирол багатай давах вэ, ямар оновчтой аргыг сүвэгчлэх вэ гэдэг дээр хаа хаанаа анхаарцгаая гэж уриалж байгаа юм. Мэдээж хүүхдийн хичээл тасарч, асарч хайхрах хүнгүй байна гэдэг хохирол. Мөн эцэг эхчүүд ажлаа хийж чадахгүй байна гэдэг нь системийг хамарсан доголдол болж байна. Уг асуудал хүүхэд, эцэг эх, нийгэм, улс төр бүгдэд хохиролтой байгаа. Бид үүнийг даван туулахын тулд маш эвтэй найртай, эх орончоор асуудлыг шийдэх ёстой л гэж үзэж байгаа. Тухайлбал, манай байгууллагаас эрсдэл үүссэн хойно нь уйлах биш, харин наана нь сургууль бүр дээр байдаг эцэг эхийн зөвлөлүүд хамтраад хүүхдийн суралцах, хөгжих, хамгаалагдах эрхийг хангах чиглэлээр санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Төрөл бүрийн дугуйлан секц, өдөр өнжүүлэх ажиллуулах зэрэг ямар ч санаачилгыг гаргаж болно. Харин албан байгууллагууд ажилчдынхаа ар гэрт санаа тавьж, хүүхэд рүүгээ санаа зовж байгаа эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.
-Одоогийн байдлаар эцэг эхийн зөвлөлүүдээс ямар нэгэн санаачилга гарсан уу?
-Энэ гэнэтийн үйл явдлын шокноос хаа хаанаа гараагүй байна. Тэгэхээр хойшид бид ийм зүйл тохиолдвол нийтээрээ хэрхэн яаж хохирол багатай даван туулах вэ гэдэгт л илүү анхаармаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.