Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд нулимстай бүртийсэн үрс

 

Өнөөдөр “Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй төрийн өндөр албаны тушаалтнууд өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Биднийг сурвалжлага хийхээр өглөө 10.00  цагт хөшөөний дэргэд очиход 20-30 хүн цуглан хүндэтгэлийн арга хэмжээнд бэлдэж, зарим нь төр засгийнханд үгээ дайхаар хуудас хуудас цаас барин хүлээж байлаа. Тэртээ 80 жилийн өмнө Монголд өрнөсөн гунигт түүхийн дурсамжийг өр зүрхэндээ тээсэн хохирогчдын үр удам нулимс дуслуулан ингэж ярьсан юм.

Г.Лхамсүрэн: Үхвэл би энэ ордны үүдэн дээр ирж үхнэ
Г.Лхамсүрэн: Үхвэл би энэ ордны үүдэн дээр ирж үхнэ

-Би Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, буриад хүн. 1933 онд Монголд төрсөн айлын ганц хүүхэд. Миний аав их хэлмэгдүүлэлтийн үед хоёр ахтайгаа алуулсан. Би энэ түүхийн материалийг Тагнуулын архив, Улсын архивт байсан бүх мэдээллүүдээс бүрдүүлэн цуглуулж авсан.

Аавыгаа алуулах үед би дөрвөн настай байсан. Харин ээжээсээ 11 насандаа өнчирсөн. Ингээд би үгээгүй ядруу, гэр оронгүй өнчин өрөөсөн хүн болж хувирсан даа. Өдгөө Сүхбаатар дүүргийн иргэн. Дүүргийн маань засаг дарга намайг коридорт сууж байхад нарийн бичгийн даргаараа 40.000 төгрөг өгүүлсэн байсан. 

Уржнан өвөл засгаас дуудаад надад дансны дугаар өгч, пасспортаа аваад Голомт банкинд очоорой гэснээр би нэг сая төгрөг авсан. 1990-ээд он гараад бас нэг удаа сая төгрөг засгаас өгсөн юм. Ингээд л болоо. Би аав ээж, ах дүүгээ хэлмэгдүүлэлтээр алдчихаад өдий хүрэхдээ төр засгаас орох орон, анхаарал халамжийг л хүсч байна.

Хар залуудаа би шүүхэд ажиллаж байсан. Гэтэл намайг Японы тагнуулын хүүхэд гээд хөөсөн. Дөрвөн настайгаасаа Японд тагнуул хийсэн аятай л хэлмэгдүүлсэн. Урлагийн дунд сургуульд байхад минь бас л хөөсөн. 

Намайг тэжээж байсан ганц хүү минь Сэлэнгийн шүүхэд ажиллаж байгаад аваараар үхсэн. Ач охин минь гэж байдаг ч майжгий гутлаа тайлаад улыг нь угаадаг хүн би яаж айлд байх вэ. Хажиг жожиг ч болж. Харин 2014  оны 12 сарын 11-нээс хойш айлын байранд суугаад нэг ч төгрөг төлөхгүй явсаар байна. Сүхбаатар аймгийн айл, 10-аад жил байранд нь сууж байгаа. “Эмээ худлаа хэлэхгүй ээ, хэзээ нэг өдөр улсаас мөнгийг нь өгөх байх аа” л гэдэг юм, тэд. Одоогийн байдлаар би тэр айлд 10-аад сая төгрөгийн өртэй сууна. 

Халамжийн мөнгө маань өмнө нь 140 мянган төгрөг байсан. Харин одоо 155 мянган төгрөг болж нэмэгдсэн. Гэхдээ өөр тэтгэвэр гэж юм авах биш. Би чинь Японы тагнуулын хүүхэд... 

Өдий насандаа орох орон оочих аягагүй яваа би үхэж далд орохсон гэхээр үхдэггүй юм байна. Үхвэл би энэ ордны үүдэн дээр ирж үхнэ. Би хэлмэгдэгсдийн төлөөлөл болоод үхчихмээр байна. 

С.Энхтуяа: Миний ээж амьдаараа өтсөн аавыгаа хараад галзуурсан
С.Энхтуяа: Миний ээж амьдаараа өтсөн аавыгаа хараад галзуурсан

-Миний ээжийн аав хэлмэгдүүлэлтэд өртөн шоронд хоригдсон байдаг. 1938 онд ээж минь аавыгаа эргэхээр шорон руу очиход нь амьдаараа өтчихсөн байсныг хараад галзуурчихсан. Ээжийн минь аав шоронд үхэж, ээж минь насаараа галзуу өвчтэй явсан. Муу ээж минь 64 жил өөрийн гэсэн гэр оронгүй явж, найман хүүхэд төрүүлсэн ч ах бид хоёр л ээжийнхээ дэргэд өссөн. Бусад ахан дүүсийг маань нутгийн сайн санаат хүмүүс өргөж авсан гэдэг. Ах бид хоёр ээжийнхээ хажууд хүн болсон ч ах маань ээжийн адил сэтгэл санаагаар унаж, гутарч явсаар бас л сэтгэцийн өөрчлөлттэй болж өөд болсон. Эгч нь орон гэргүй явж байгаад сайн хань ижилтэй таарч амьдрал арай дээрдсэн.

Гэсэн ч энэ хэлмэгдүүлэлт үеийн үедээ тасардаггүй юм байна. Ханийг минь хүртэл “Гуйлгачинтай суулаа” гээд ад үзэгчид олон байлаа. 1990 онд Зам барилгад механик инженер хийж байхад нь ажлыг нь булаагаад авчихсан. Би Ерөнхийлөгчөөс “Намайг хүлээн авч уулзахыг, сонсохыг хүсч байна. Хэлмэгдэгсдийнхээ үр хүүхэд, түүнээс улбаалаад ач зээ нар нь ч ингэж хэлмэгдэж байхад яагаад алаг үзээд байгаа юм бэ. Төр засаг хэлмэгдсэн хүмүүсийн төрсөн буюу, өргөж авсан хүүхэд нь цагаатгалын мөнгийг олгоно гээд байдаг. Гэтэл ач зээ нь хүртэл өвөг дээдсийнхээ хөрөнгийг хураалгачихаад, хар нэртэй хэлмэгдэж явсаар ингэж бүх насаараа ажилгүй, орон гэргүй амьдарсаар байна. Цаазлагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд 80 сая, 10-аас дээш жил шоронд суусан хүмүүсийн ар гэрийнхэнд 40 сая төгрөг олгоно гээд заасан байгаа. 

Манайхан амьдаараа гурав дахь үеэрээ “цаазлагдсан”. Би Ерөнхийлөгчтэй уулзах гээд хоёр жил хөөцөлдсөн. Хар нялхаасаа гэр оронгүй өссөн би ханиа түшээд арай дээрдэж байтал ханийг минь ажлаас нь халж, бид өвчин зовлонд нэрвэгдсэн. Өдий насандаа өвчин зовлонгийн үүр болж байна. Өвгөн минь 9 жил хэвтэрт байхад би байдгаа зараад барсан.  Миний тэтгэврийн 240 мянган төгрөгөөр амьдрах гэж ядаж байна. Гуйлгачин авгай хүүхэдтэй хүнийг ах дүү нь ч тоодоггүй болдог. Аргаа барахдаа би энэ хөшөөний өмнө ирээд сууж байна. Болохгүй бол хэвтрийн өвгөнөө авч ирээд Засгийн газрын чинь үүдэнд үхнэ ээ. Надад алдах юм алга. 

Ц.Отгончимэг: Ээжтэйгээ 89 нас хүртэл нь зөндөө явлаа
Ц.Отгончимэг: Ээжтэйгээ 89 нас хүртэл нь зөндөө явлаа

-Архивын лавлагаанаас харахад миний өвөө Сэрээтэр 39 настайдаа хэлмэгдсэн. Өвөөг маань Улсын хувьсгалаас урваж Японы тагнуул болсон гэж Дотоод яамны дэд сайд Жамбалдорж гэж барьж явсан байдаг. Ингээд эмээ, миний ээж хоёр тулах түших хүнгүй болсон. Миний эмээ сэтгэлээр унан гудамжинд архи уун явах болсон гэдэг. 1968  онд нас барсан. 

Би ээжтэйгээ Алтан-Өлгийд хэд хэдэн удаа очсон. Учир нь өвөөг маань хаана оршуулсан тухай ямар ч мэдээлэл байдаггүй. Би ээжийнхээ ийнхүү хэлмэгдсэн асуудлыг хөөцөлдөж 89 нас хүртэл нь зөндөө явсан. Төр засаг ач зээ нарт нь хүртэх ёстой юмыг нь яагаад өгөхгүй байгаа юм бэ. Нэг л удаа нэг сая төгрөг өгсөн. Түүнээс өөр юу ч өгөөгүй. Хуулиндаа цаазлагдсан  хүний үрчилж авсан болон, өөрийн хүүхдэд нь 80 сая, 10-аас дээр жил хоригдсон хүний үр хүүхдэд 40 сая төгрөг өгнө гэж заажээ. 

Ийнхүү бид хэлмэгдэгсэдийн хөшөөнөөс хөдлөн Гандантэгчэнлин хийдийн Идгаачойзинлин хийдийг зорьсон юм. Өнөөдөр тус газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газар, Цагаатгалын үндэсний комиссийн санаачилгаар хэлмэгдэгсэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хойтын буянд нь зориулан Ерөөл ном хурсан юм.

Хамба лам Д.Чойжамц: Оюун санааны хувьд асар том гарз болсон үйл явдал
Хамба лам Д.Чойжамц: Оюун санааны хувьд асар том гарз болсон үйл явдал

-Өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улсын Засгийн газар, Их хурал Цагаатгалын үндэсний комисс тэргүүтэй төрийн байгууллагаас энэ өдрийг хэлмэгдүүлэлтэд өртсөн лам хувраг болоод амь нас нь  хохирсон ард иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж заншсан. Тэрхүү уламжлалаар бид тэднийхээ хойтын буянд зориулан ном хурж байна. 

Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг ямар их хор хохиролтой зүйл байдгийг Монголын ахмад үеийнхэн мэднэ. Харин залуу үе маань төдийлөн сайн ойлгохгүй байж болох энэ цаг үед олон хүний сэтгэл зүрхийг шимшрүүлэн, зовлонд унагасан ямар хэцүү үйл явдал болсныг мартахгүй байхын тухайд энэ өдрийг тэмдэглэдэг болсон билээ. Тухайн цаг үед Монголчууд шашин шүтлэгийнхээ эрх чөлөөний улмаас, ажил хөдөлмөр хийж өөрөө хөрөнгөтэй болж, өмчөө хамгаалсныхаа төлөө, эцэг эх нь Чингисийн удам угсаатан байсныхаа төлөө хэлмэгдсэн уй гашуутай он цаг байж.

Хүн ам цөөтэй хэдхэн монголчуудаас  20-30 мянган хүний амь насыг авч одсон харамсалтай үйл хэрэг болсон. Тэдний цаана гэр бүл, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан аав ээж нь зовлонд унаж үлдсэн юм.

Түүгээр зогсохгүй сүм хийд, эрдэмтэй сайхан лам нар, шашин шүтлэгийнхээ төлөө хэлмэгдсэн. Заримыг нь олон жил шоронд хорьсон. Түүнээс гадна сууж байсан орон гэр хөрөнгө мөнгийг нь хурааж, юу ч үгүй болтол цөлмөсөн. Сүм дуганыг шатааж нүүдэлчин монголчуудын суурьшмал амьдрал руу шилжиж байсан үйл явцыг тасалсан. 1000 гаруй сүм хийд, хэдэн мянган дуганыг газрын хөрснөөс арчиж хаясан. Энэ бол монголчуудын хөрөнгө байсан юм. Мөн сүм хийдэд байсан маш олон шашин, түүхийн баримт, бурхан тахил шүтээнүүдийг устгаж цөлмөсөн. Энэ нь Монгол улсын хувьд харамсалтай гашуудалтай явдал. Энэтхэг, Түвд, Хятад, Монголын их том эрдэмтдийн бүтээл ном судрууд шатаж үгүй болсон. Бичигдээд, хэвлэгдэж хадгалагдаж амжаагүй тэдгээр номыг шатаасан нь оюун санааны хувьд асар том гарз болсон үйл явдал” хэмээн хэлсэн юм.

Ч.Бямбажаргал
Ч.Бямбажаргал

/Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээдэд олон нийттэй харилцах албаны ажилтан/

-Манай хийдэд өнөөдөр “Оройн ерөөл” буюу дээдийн ерөөл гэдэг ном хурж байна. Хэлмэгдэгсдийн тоо бүртгэл бүхий олон ном гарсан. 24 цагийн дотор давж заалдах боломжгүйгээр цаазаар авсан байдаг. Зарим ном товхимолд бичсэнээр “Лам хүмүүсийг цаазлах амархан юм. Зүгээр ном уншиж сууж байгаад л буудуулчихдаг. Энгийн хүмүүс эсэргүүцнэ, амь гуйдаг, харааж ерөөдөг” гэж цаазын ялыг гүйцэтгэж байсан нэгэн хүний хэлсэн мэдээлэл бий. Монголын лам нар, шашныхнаас 20-иод мянган лам хэлмэгдсэн. Тэднээс 5-6 мянга нь цаазаар авахуулсан. Хамбын овоонд том лам нарыг, дунд зиндааны лам нарыг Шар хаданд цаазаар авсан бол энгийн хар хүмүүсийг Сонгины аманд цаазаар авсан гэдэг. Бид өнөөдөр бүх хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан ном хурж байгаа юм.

G

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.