Ажил хаялтын асуудлаар дахин хэлэлцээр хийнэ

  

Өнгөрсөн 7 хоногт олон нийтийн анхаарлын төвд эргэлдсэн “халуухан” сэдвийн нэг нь“Багш нарын ажил хаялт” байлаа. Энэ үйл явц шинэ долоо хоногт ч мөн л үргэлжлэх төлөвтэй.

 

“Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-12,3%-иар нэмэгдүүлэх ялгамжтай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул МҮЭХ-ноос 9-р сарын 3-ны өдөр ажил хаяж байна” хэмээн мэдэгдээд Засгийн газарт “Монголын багш нарын цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тавьж буй шаардлага саналыг хэрэгжүүлэх, талууд зөвшилцөлд хүрэх арга хэмжээг шуурхай авч ажиллах шаардлагатай” гэсэн утга бүхий албан бичгийг өгсөн билээ.

 

Энэхүү шаардлагын дараа багш нарын ажил хаялт улам хүрээгээ тэлсээр байсан юм. Ажил хаялтын улмаас хүүхдийг нь харах хүнгүй эцэг эхчүүд болоод, ажилгүй суугаа багш нар уг үйлдлийг эсэргүүцэн байр сууриудаа илэрхийлсэн хэдий ч энэхүү үйл явцыг Засгийн газар анхааралдаа авч зөвшилцөл, зөв шийдлээр нэг талд нь гаргахгүй бол Монгол хүүхдүүдийн сурах эрх хангагдах боломжгүй нөхцөл үүсэх нь хэдийнэ тодорхой боллоо.

 

Долоо хоногийн сүүлээр багш, сурагчид, эцэг эхчүүд, ажилгүй багш нар, төр гэсэн гинжин хэлхээний гол цөмд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдэгдэл орж ирсэн.

 

Энэ нь 9 дүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд багш нарын ажил хаялтын тухай нөхцөл байдал танилцуулсны дараа Ерөнхий сайдаас ойрын хугацаанд улсын болон салбарын хэлэлцээг хийж, зөвшилцөлд хүрэх чиглэл өгсний дараа өрнөсөн үйл явц юм. Тэгэхээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлагууд энэ долоо хоногт Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нартай уулзалт хийх, дахин хэлэлцээрт орох нөхцөл бүрдээд байна.

 

Учир нь Сайд С.Чинзориг 9-р сарын 6-д Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт хүргүүлсэн мэдэгдэлд албан ёсны хариу өгөхдөө “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хамтын маргаан үүсгэж, ажил хаях нь хууль эрх зүйн үндэслэлгүй” хэмээн дурдсан ч “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээг яаралтай үргэлжлүүлж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр асуудлуудыг дэс дараатай хэлэлцэх саналтай байгаа”-гаа илэрхийсэн юм. Тухайлбал, “Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн талаар байр сууриа нэгтгэн, 2019 оны улсын төсвийн төсөлд тусгуулъя” гэдэг саналыг өгөөд байна. 

 

Харин үүний араас “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэсэн зүйр үгийг сануулам тайлбарыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар учирлажээ.

 

Тэрээр “Багш нарын үндсэн цалинд 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа. Засгийн газрын бодит боломж л энэ. Цалинг 50 хувь нэмнэ гэвэл бидэнд 1 их наяд төгрөг шаардлагатай. Шаардсан хэмжээгээр цалин нэмэхийн тулд Засгийн газар дахин их хэмжээний өр тавихаас өөр аргагүй. Өр ямар дарамт болдгийг зээл авч зээлээ, зээлийн хүүгээ төлж үзсэн хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Яг түүнтэй адил асуудал улсад үүслээ. 2012 онд Монгол улсын Засгийн газар авсан зээлийнхээ хүүд 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Гэтэл намайг сангийн сайдын ажлыг авахад манай улс 1,4 их наяд төгрөгийг зөвхөн зээлийнхээ хүүд төлж байна.

 

Тэгвэл Монгол улсын нийт тэтгэврийн сан 1,7 их наяд төгрөг. Бид бараг түүнтэй адил хэмжээний мөнгийг зөвхөн авсан зээлийнхээ хүүд төлж байна шүү дээ. Өрийг багасгах буулгахаар ажиллаж байж дахиад төсөвт өндөр ачаалал өгч өр тавих нөхцөл байдал руу орчихоод байна. Тэгэхээр бид байгаа хэмжээндээ л үүнийг шийдэх ёстой. Энэ нөхцөл байдлыг ойлгох хүн олон хүн байгаа гэдэгт итгэж байна. Нэг их наяд төгрөг олоод багш нарын цалинг 50 хувь нэмье гэхэд уг мөнгө зөвхөн ганц жил биш жил бүр бидэнд шаардлагатай тул ийм хэмжээний долларыг урьдчилаад тогтвортой олох ёстой” хэмээн хэлж байна.

 

Ямартаа ч хэдэн өдөр үргэлжилж буй багш нарын ажил хаялтын асуудлыг төр хэлэлцээрийн замаар шийдвэрлэх саналыг гаргалаа. Харин хэлэлцээрээр ямар үр дүнд хүрэх нь таавар хэвээр, энэ долоо хоногт ажил хаялт, үүнийг тойрсон хэвлэлийн бага хурал, бусад үйл явдлууд үргэлжлэх бололтой.

 

Ю.Шүрэнцэцэг

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.