АНУ-д 2017 онд зорчсон монголчуудын 7 хувь нь хугацаа хэтрүүлжээ
Гадаад харилцааны яам, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран өнгөрсөн оны 10-р сард албан ёсоор эхлүүлсэн “Хариуцлагатай аялацгаая” мэдээлэл сурталчилгааны аяны 2 дахь ээлжийн нээлт өнөөдөр тус яаманд боллоо. “Хариуцлагатай аялцгаая” аян энэ жил хүрээгээ тэлж, уг арга хэмжээнд БНСУ-ын ЭСЯ хамтран оролцох болсон талаар зохион байгуулагчид онцолсон юм. Эдгээр улсуудад аялах, сурах, амьдрах Монгол иргэдийн тоо бусад улстай харьцуулахад үнэмлэхүй олон байдаг юм байна.
Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мануэл Микаллер “АНУ-д ажиллах, аялах, сурахаар очоод визний хугацаа хэтрүүлсэн болон хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн жил багассан.2017 онд ану-д аяллаар явсан зорчигчидын 7 хувь, сурахаар явж байгаа оюутнуудын 17 хувь нь хугацаа хэтрүүлсэн статистик үзүүлэлт гарсан нь өмнөх жилээс бага зэрэг буурсан үзүүлэлт. Энэ бол “Хариуцлагатай аялая” компанит ажлын үр дүн гэж үзэж байна” хэмээн хэлсэн юм.
Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг “Гадаадад хууль бусаар, хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч буй иргэдийн энэхүү үйлдэл нь гадаадад зорчих хүсэлтэй бусад монгол ахан дүүсийнхээ зорилгод ихээхэн саад учруулдаг” болохыг дуулгаад энэ удаагийн аяндаа Шог зураач Цогтбаярын бүтээлийг ашиглан, иргэдийн ухамсар ойлголтод эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдлээ.
“2018 оны 7 сарын байдлаар дэлхийн 120 гаруй улсын 290 мянга орчим гадаадын иргэн cолонгос улсад ажиллаж амьдарч байгаагаас монголоос 46 мянган иргэн, америкаас 160 мянган хүн тус улсад амьдарч байгаа ажээ.
“Цаашдаа даяарчлал, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр иргэд солилцоо, урт хугацаагаар оршин суух хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн аялагчийн хариуцлага гэдэг зүйл бидэнд нэн хэрэгцээтэй байгаа. Аялагчийн хариуцлага гэдэг нь аялаж буй газрынхаа хууль дүрмийг сахиулах явдал юм. Аялагч жуулчлагч нэг бүр виз хүсэхдээ хариуцлагатай хандсанаар итгэлцлийг бий болгож, энэ нь олон улсад өөрийн орныг төлөөлөн яваа иргэний өнөөдрийн дүр төрх, маргаашийн харилцааг тэлэх хамгийн чухал үндэс гэж боддог” хэмээн БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам хэлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.