УИХ-ын нэр бүхий 40 гишүүн, товчхондоо бол У.Хүрэлсүхийн фракцийн 40 гишүүн чуулганы хуралдааныг бойкотолж хоёр ч сар шахмын нүүр үзэж байна. Тэд "УИХ-ын дарга М.Энхболдыг л албан тушаалаасаа буучихвал чуулганы хуралдаанд оролцоно" хэмээн төрийн ажлыг гацааж байгаа шалтгаанаа тайлбарлаж буй.
Тэгвэл тэдний парламентийн үйл ажиллагааг бүхэлд нь гацааж буйн цаана хоёр том шалтгаан бий ажээ.
Нэгдүгээрт, хэрэв чуулган хуралдчихвал ЖДҮХС-аас хамаарал бүхий этгээддээ зээл авч өгч, төрийн өндөр албан тушаалаа ашиглан уг зээлд нөлөөлсөн гэх гурван гишүүнийг бүрэх эрхээс нь түтгэлзүүлэх асуудлыг авч хэлэлцэх болчихоод байгаа. Прокурорын байгууллагаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн болсон. Харин чуулганы үйл ажиллагааны гацаа арилахыг хүлээж байгаа гээд шууд хэлчихсэн. Тэр ч байтугай гурван гишүүн дээр нэмж дахин нэг гишүүний нэр яригдаж байгааг ч хэлсэн.
У.Хүрэлсүхийн талын гурав, 27-ын бүлгийн нэг гишүүн гээд нийт дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцүүлэхгүй, нөхдөө хамгаалж үлдэх гэсэн далд шалтгааны илрэл нь чуулганы үйл ажиллагааг гацаах эхний шалтгаан аж.
Хоёрдугаар шалтгаан бол 40 гишүүн чуулганы хуралдаанд оролцоод эхэлбэл УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагадаа бууж өгсөн хэрэг болно. Хэрэв түр ч болтугай буугаад өгчихвөл жирийн ард түмэнд очих ёстой байсан ЖДҮХС-аас зээл авсан У.Хүрэлсүхийн талын УИХ-ын 13 гишүүн, Засгийн газрын кабинетийн тал шахам сайдыг огцруулах эсэх асуудал хөндөгдөнө.
Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ацан шалаанд оржээ
М.Энхболдын гэх фракцын эсрэг өрнүүлсэн тэмцэл өнгөрсөн жилээс эхлэн дан ялалтын туг мандуулж байсан ч үнэгүй юм гэж байдаггүй хорвоод анд нөхдөдөө “тал зассан” ЖДҮ хэмээх бялууны хордлогод өөрөө өртжээ.
У.Хүрэлсүх өнөөдөр бялуу хуваалцсан анд нөхдөө ЖДҮ-гийн хэргээр явуулах уу, нэгэнт өрнүүлсэн тэмцлийнхээ эцсийг үзэж УИХ-ын даргын фракцийг дарж авах уу гэдэг сонголтын өмнө хөлсөө чихруулан үзэлцсээр байна.
МАН-ын даргын энэ том тэмцлийн үр дүнд аль тал нь ч ялсан бай эцсийн дүндээ эхлээд МАН-ын гишүүд хуваагдаж хохирно, цаашилбал ЖДҮ идсэн төрийн түшээдээ толгойг нь илээд өнгөрөөсөн ард түмэнд хохирох бололтой.