🔴Иргэн О.Отгонтөгс: ЕС Н.Учрал авлига, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдөөсөө салж, шударга ёсыг тогтоох ёстой

AI хөрвүүлсэн

Иргэн О.Отгонтөгс "Шивээ-Овоо" ХК-ийн тендертэй холбоотой ноцтой баримтуудыг Авлигатай тэмцэх газарт (АТГ) хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр төрийн өмчит компаниас зарласан тендерт "Өү Жи Интернэйшнл" ХХК найман удаагийн үйлдлээр 108 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Түүний мэдээлснээр, тус компани нь 2021 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд ердөө хоёр сарын дараа буюу долоодугаар сард 9 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Эхний долоон тендерт ямар ч өрсөлдөгчгүйгээр ганцаараа орж ялсан бол тендерийн шалгуур үзүүлэлтийг зөвхөн тус компанид зориулан өөрчилж, эхний хоёр жил борлуулалтын хэмжээ заагаагүй атлаа гурав дахь жилээс нь тодорхой хувиар зааж өгсөн гэдгийг хэллээ. 

Иргэн О.Отгонтөгс:

-Хамгийн ноцтой нь 33 тэрбум төгрөгийн өртөгтэй долоо дахь тендерийн шалгаруулалт дээр гарсан. Энэ тендерт Монголын томоохон шатахуун түгээх компаниуд болох "Петровис", "НИК", "Шунхлай", "Сод Монгол" зэрэг компаниуд оролцсон. Энэ компаниуд тендерийн тухай хуулийн 17.4 дэх заалт буюу "туршлагагүй" гэх үндэслэлээр хасагдсан. Олон мянган хэрэглэгчтэй, орон даяар салбартай энэ компаниуд хасагдаж, үйл ажиллагаа явуулаад удаагүй "Өү Жи Интернэйшнл" компани шалгарсан нь тендерийн үнэлгээний хороо хуйвалдсан байх магадлалтай гэж хардаж байна. Нэг багц дээр туршлагагүй гэж хасагдсан "Сод Монгол" компани нөгөө багц дээр нь ялсан зэрэг ойлгомжгүй асуудлууд байгаа.

Энэ асуудлын ард Увс аймгаас гаралтай улс төрчид, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар байгаа. Ч.Хүрэлбаатарыг нийслэлийн утааг бууруулах зорилготой хагас коксын үйлдвэрийн төслийг хамаарал бүхий этгээдийнхээ компаниар дамжуулан авсан, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө хүүлдэг хэмээн буруутгаж, АТГ-т шалгуулах хүсэлтээ өгч байна. 

Намайг гүтгэж, "банк бус санхүүгийн байгууллагатай" мэтээр сошиал орчинд мэдээлэл тарааж байна. Би бизнес хийхийн тулд зээл авч байсан болохоос банк бус байгууллага эзэмшдэггүй. Шаардлагатай бол бүх орлого, зарлагаа ил тод болгож, улс төрчидтэй халз мэтгэлцэхэд бэлэн. "Өү Жи Интернэйшнл" компанийн хувьцаа эзэмшигч Б.Одгэрэл болон бусад холбогдох хүмүүсийг баримт материалтайгаа ирж, олон нийтийн өмнө уулзмаар байна. 

Ерөнхий сайд Н.Учрал авлига, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдөөсөө салж, шударга ёсыг тогтоох ёстой. Эдгээр мэдээллүүд нь нууц биш, интернэт болон шилэн дансны системд ил тод байгаа баримтууд. Иргэд өөрсдөө ч хайж үзэх боломжтой. Хуулийн байгууллага үнэн зөвийг тогтооно гэдэгт итгэлтэй байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.