Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

Нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын өрхүүдийн хатуу түлшээр ажилладаг зуухны утаанаас, 10 хувь нь авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаанаас, 6 хувь нь дулааны цахилгаан станцын жилийн нүүрсний хэрэглээнээс, 4 хувь нь хог шороо, хөрсний бохирдлоос тус тус ялгарч буй судалгаа бий.

Мөн нийслэлийн нийт өрхийн 49.3 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй байр сууцтай байгаа нь агаар, хөрсний бохирдолд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд байна. Тиймээс нийслэлд хөгжлийн 16 мега төслийг эрэмбэлэн, дэд бүтэц, орон сууц, нийтийн тээвэр, авто зам болон эрчим хүчний төслүүдийг цогцоорхэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулсан “Улаанбаатар хотын хөгжлийн 16 мега төсөл” сэдэвт танилцуулга, уулзалтыг дөрөвдүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 2200 орчим хүн хамрагдлаа.

Энэхүү танилцуулга уулзалтыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, тус байгууллагын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар, Төслийн удирдлага нэвтрүүлэлтийн хэлтсийн менежер Ж.Лхагвадорж нар нээж, 16 мега төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнгийн талаар цогц мэдээлэл өгч байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгч, Улаанбаатар Трам төслийн захирал А.Ану-Үжин, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам” төсөл, Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр, Сэлбэ 20 минутын хот корпорацийн захирал У.Баатар, Тойрог замын төслийн ахлах инженер А.Эрдэнэтуяа нар төслийнхөө хэрэгжилт, явцыг танилцуулж,мэдээлэл өглөө.

Танилцуулгын хүрээнд “Туулын хурдны зам” төслийг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулсан. ТэрбээрТүгжрэлийг бууруулахад хамгийн үр өгөөжтэй төсөл бол Туулын хурдны замын төсөл гэдгийг Жайка Олон Улсын байгууллагаас нэгдүгээрт эрэмбэлсэн байдаг.

Урьдчилсан тооцооллоор, Туулын хурдны зам ашиглалтад орсноор  өдөрт жилд 187 – 197 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, нэг тээврийн хэрэгслээс 5000 төгрөг хураамж авахад нэг тэрбум төгрөг, жилийн эцэст 300 тэрбум төгрөг олох боломжтой гэсэн судалгаа гарсан. Өнөөдөр нийслэл хот түгжрэлийн улмаас ойролцоогоор 3-3,8 их наяд төгрөгийгалдагдсан боломжийн өртөгт урсгаж байна. Харин тус замыг барьснаар Баянбүрдийн тойргоос Баруун 4 зам хүртэл 5,7 хувиар түгжрэл буурахад нөлөөлнө. Тухайлбал,Нарны гүүр 7-8 хувь, Чингисийн өргөн чөлөө 28-30 хувь, Яармагийн гүүр 28-32 хувь, Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл 10-12 хувь буурах тооцоолол судалгаа бий. Гэтэл бидний хамгийн сайн мэдэх Ривер гарден, Хүннү 2222 хотхоны дундуур тавигдсан 130 м зам нь 7 буудал, Яармагт нөлөөлөхгүй, зөвхөн Их Монголын түгжрэл л буурна. Харин Туулын хурдны зам баригдсанаар түгжрэлийн бүсүүдэд өндөр нөлөөлөл үзүүлнэ гэдгийг танилцуулсан.

Хүннү хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр төслийн бүтээн байгуулалтын суурь болох Эрчим хүч, ус хангамж, үерийн далан суваг, дулааны ажлууд хийгдэж буйг тодотгосон. Тэрбээр Хүннү хот нь 31,500 га талбайг хамрах бөгөөд энэ нь Улаанбаатар хотын сүүлийн 100 жилд бүрэлдсэн суурьшлын бүсийн 80 хувьтай дүйцэх хэмжээний томоохон хөгжлийн бүс бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн суурьшлын бүс баруун аймаг руу салдаг хэсгээс Улиастай хүртэл 46 мянган га талбайг хамарч байгаа бол ирээдүйд хотын хөгжлийг уулын хойноос урагш тэлэх стратегийг хэрэгжүүлж байгааг онцолсон.

Төслийн цахилгаан эрчим хүчний хувьд хотын баруун талаас 80 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, 220/110 кВ-ын Сэргэлэн дэд станцыг байгуулж байгаа аж. Мөн Бөөрөлжүүтийн 300 МВт, Баянгийн 600 МВт-ын эх үүсвэрээс эрчим хүч авах шийдлийг хэрэгжүүлж байгаа нь нийт ажлын гүйцэтгэл 86 хувьтай, энэ онд бүрэн дуусахаар төлөвлөжээ. Ус хангамжийн хувьд, гүний худгуудыг байгуулж, 20 км урт гол шугам татан, усан сангийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далан, сувгийн ажил 75 хувь, холбооны шугам сүлжээ 65 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ. Мөн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй, 2027 оны гуравдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас зохион байгуулж буй тус арга хэмжээ нь нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийн явц, хэрэгжилт, тулгамдсан асуудал болон цаашдын төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байгаагаараа онцлогтой. Арга хэмжээний хүрээнд төслүүдийн менежерүүд, инженер, мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй төслүүдийн явц, шийдэл, сорилт, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонсож, асуултад хариулж байна.

Танилцуулга уулзалт ирэх даваа гарагт үргэлжилнэ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.