Сумын сурагчид элсэлтийн болон улсын шалгалтад цахимаар оролцоно

Сумын сурагчид элсэлтийн болон улсын шалгалтад цахимаар оролцоно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сумын сурагчдыг дараагийн Элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр, Дуутын даваа орчимд гарсан зам тээврийн ослын талаар дурдаж, уг ослын улмаас зургаан хүн амь насаа алдсан бөгөөд талийгаачдын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэв.

Ослын үед Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 сурагчтай автобус холбогдон шалгагдаж байна.

Аз болоход, дээрх 29 хүүхэд эсэн мэнд бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж. Одоогоор Жаргалтхаан сумын эмнэлгийн хяналтад байгаа талаар сургуулийн захиргаанаас мэдээлжээ.

Мөн автобусанд зорчиж явсан сурагчид, гурван багш, дөрвөн эцэг эхийн төлөөллийг сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулж, хоол хүнсээр ханган, эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хөдөөгийн сумын сурагчдыг элсэлтийн шалгалт болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцох боломжийг бүрэн хангаж ажиллахаа Боловсролын сайд мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.