🔴Ц.Ганзориг: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг иргэд дэмжиж байна

AI хөрвүүлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан ЕТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг байр сууриа илэрхийллээ. Түүний хэлснээр, хуулийн төслийг нийгэм болон парламентын түвшинд зарчмын хувьд дэмжиж байгаа ч гишүүдийн зүгээс хоёр үндсэн эргэлзээ, шүүмжлэл гарч байгааг онцлов.

ЕТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг:

-Хоёр зүйл дээр эргэлзэж байна. Эхний эргэлзээ нь Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхтэй болох нь гэх хардлага юм. Ерөнхийлөгчид гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх Үндсэн хуулиар олгогдоогүй бөгөөд хуулийн төсөлд ч ийм агуулга огт байхгүй. Энэ хууль нь зөвхөн гишүүдийг ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байх шаардлагыг тавьж буй хэрэг юм. Хариуцлага алдсан гишүүнийг эгүүлэн татах эрх нь УИХ-ын 126 гишүүндээ хадгалагдана. Уг процесс нь сонгогч иргэн гомдол гаргаснаар эхлэх бөгөөд УИХ-ын Ёс зүйн дэд хороо хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар 126 гишүүн нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалттай.

Хоёр дахь шүүмжлэл нь намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг эгүүлэн татах эрх мэдлийг намын удирдлагуудад олгох гэж байна гэх асуудал юм. Энэ талаар "Сонгогчид намыг дугуйлж санал өгсөн учраас тухайн намаас нэр дэвшиж орж ирсэн гишүүн хариуцлага алдвал нам нь хариуцлага хүлээх ёстой гэдэг үүднээс энэ заалтыг оруулсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг мөн л УИХ-ын 126 гишүүн нээлттэй хэлэлцэж гаргана. Хэрэв УИХ-ын гишүүд энэ заалтыг шаардлагагүй гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад хасаж, өөрчлөх бүрэн боломжтой бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс хүчээр тулгасан зүйл байхгүй.

Өнөөгийн байдлаар УИХ-ын гишүүн ёс зүйн алдаа гаргавал цалингийн 20 хувиар торгох төдийхнөөр өнгөрдөг бол жирийн төрийн албан хаагч ажлаас халагдах хүртэл сахилгын шийтгэл хүлээдэг. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим энд алдагдаж байгаа.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд УИХ-ын гишүүд өөрсдөдөө хариуцлага тооцох хуулийн төслийг хэзээ ч санаачилж байгаагүй, харин гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар нь УИХ-даа ажлаа тайлагнадаг учраас ийм хууль өргөн барих боломжгүй байсан. Тиймээс нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн нийгмийн захиалга, иргэдийн шаардлагын дагуу энэхүү хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Саяхан Ерөнхийлөгч орон нутгийн 7000 гаруй иргэнтэй уулзах үеэр энэхүү хуулийн төслийг танилцуулахад иргэд бүрэн дэмжиж байсан гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюун 1 цаг, 5 минут
Худлаа яриад бай.намнах зорилготой хууль....