🔴 "Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулахыг УИХ-ын гишүүд дэмжээгүй нь нам дамжсан нүүрсний бүлэглэлтэй шууд холбоотой"
Улсын Их Хурлын чуулганаар нүүрсний экспорт, төмөр замын төслүүдтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах болон нээлттэй сонсгол явуулах санал дэмжигдээгүйтэй холбогдуулан зарим гишүүд хэвлэл мэдээллийнхэнд хандаж байр сууриа илэрхийллээ. Тэд парламентын нэр хүнд унаж, төрийн ордонд авлига, хулгайн асуудал газар авсан гэх олон нийтийн хардлага санал хураалтын үр дүнгээр батлагдаж байна хэмээн шүүмжилсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ард түмэн өөрийнхөө нөөц баялаг болох нүүрсийг ямар үнээр, хэрхэн борлуулж байгааг мэдэх эрхтэй. Энэ мэдээллийг нууцалж байгаад харамсаж байна. Нүүрсний үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа. Эрчим хүчний дутагдалтай байгаа өнөө үед сайн чанарын коксжих нүүрсийг хэт хямд үнээр гаргаж байгаа нь буруу. Монгол Улс нүүрсээ хэрхэн зарж байгаагаа Хятадын компаниас зөвшөөрөл авч байж мэдэх хэмжээний байдалд орсон байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Санал хураалтын үр дүнгээс харахад нүүрсний эрх ашиг нь нам дамжсан шинжтэй болсон. Эрх баригч болон сөрөг хүчний аль алинд нь энэхүү ашиг сонирхол уягдсан байна. Нүүрсний хулгай, төмөр замын төслийг дагасан авлигын асуудлыг ил тод болгож, хариуцлага тооцохыг ард түмэн шаардаж байгаа ч улс төр, бизнесийн томоохон сүлжээ үүнийг хаацайлж, нээлттэй сонсгол явуулах саналыг унагалаа. Түр хороо байгуулагдсанаар нүүрсний экспорт зогсоно гэх зүйл байхгүй. БНХАУ-ын хувьд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан Австрали зэрэг орноос бус, Монгол Улсаас нүүрс авах эрэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Хоёр улсын худалдааны харилцаа нь ил тод, харилцан ашигтай, шударга нөхцөлд илүү найдвартай, тогтвортой үргэлжилнэ. Цаашид энэ нууц гэрээ нь иргэдийн байгалийн баялагтаа эзэн байх Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна. Үндсэн хуулийн цэцэд хандах төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Хэдийгээр парламент дээр нээлттэй сонсгол явуулах санал унасан ч бусад бүх арга хэрэгслээр энэ асуудалд хяналт тавьж, анхаарал хандуулан ажиллана. Хэрэв хууль тогтоох байгууллага шударга ёсыг сахиулж чадахгүй бол ард түмэн талбайд гарч, парламентын засаглалд итгэх итгэл алдагдах эрсдэлтэй. Сонсъё гэхэд санал хураахад 60, 40-ийн харьцаатайгаар уналаа. Зогсооё гээгүй, сонсъё. гэсэн. Хятад улс энэ цаг эгзэгтэй цаг үед найдвартай түнштэй байх нь гол зорилго. Монгол улс найдвартай ар тал байсаар ирсэн. Энэ нь их хөршийн ашиг сонирхолд нийцтэй. Ил гаргахад манайхаас нүүрс авахаа болино гэдэг нь өөр тайлбар гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.