🔴О.Цогтгэрэл: Дотоод сонгуулиар сонгогдсон ҮБХ-ны гишүүдийн 70 хувь нь шинэчлэгдсэн
Ардчилсан намын зарим гишүүд "Онц их хурал" зарлан намын даргыг огцруулахыг 95 хувиар дэмжсэн гэх мэдээллийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үгүйсгэж, албан ёсны Их хурал сарын өмнөөс зарлагдаж, төлөөлөгчид оролцон хуралдсан бөгөөд одоо Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) хурал үргэлжилж байгааг хэллээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын (ЕНБД) томилгооны тухайд одоогийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн ажиллах санал гаргасан. Манай зарим хүмүүс чанга дуугардаг, лайв хийдэг олон нийтийн дүр төрхийг хүсдэг. Гэвч АН-д УИХ-ын 42 гишүүн, намын дарга гээд улс төрийн байр сууриа илэрхийлэх хүмүүс хангалттай бий. Тиймээс шинэ ЕНБД нь олон нийт рүү чиглэсэн 43 дахь микрофон болохоос илүүтэй намын дотоод зохион байгуулалт, менежмент, бүтцийн ажилд илүү төвлөрч ажиллах чадвартай хүн байх шаардлагатай.
АН цаашид фракц гэхээсээ илүү бодлогын клуб, зөвлөлүүд рүү салбарлан ажиллах чиглэл барьж байгаа. Намын дотоод сонгуулиар ҮБХ-ны нийт бүрэлдэхүүний 70 хувь нь шинэчлэгдсэн бөгөөд тэдгээрийн 60 хувийг 39 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа гэлээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотойгоор АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд ирэх даваа гарагийн бүлгийн хуралдаанаар нэгдсэн шийдвэрт хүрэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.