🔴Д.Цогтбаатар: УИХ-ын дарга нь нам бус байна гэдэг хууль амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслүүд болон парламентын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хуулийн төсөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг онцлоод, хэлэлцүүлгийн явцад авах, гээх зарчмаар хандах ёстойг сануулав. Мөн Ардчилсан намын бүлэг завсарлага авч байгаа нь парламентын эрүүл процесс бөгөөд аливаа асуудалд шүүмжлэлтэй, ул суурьтай хандах нь зүйтэй гэдгийг тодотголоо.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Парламентад хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ УИХ-ын гишүүд өөрсдөө улс төрийн ёс зүйтэй байх ёстой. Хүний эрхийн үндэсний комисс зэрэг хяналтын байгууллагын удирдлагуудыг томилох үед гишүүд загнаж, зүй бус харьцдаг байдал нь буруу. УИХ тухайн албан тушаалтныг томилсноор загнах эрхтэй болдоггүй. Харин ч тэдгээр байгууллага нь эргээд гишүүдэд хяналт тавих үүрэгтэй. Ёс суртахуунгүй үйлдлээр ёс зүйн хууль баталж болохгүй.
Гишүүд заавал биеэрээ санал өгөх, эс бөгөөс эгүүлэн татах үндэслэл болох зохицуулалт нь өнөөгийн шийдвэр гаргах механизмтай нийцэхгүй. Учир нь гишүүн ирцэнд орсон хэдий ч санал хураалтад оролцохгүй байх нь тухайн асуудлыг эсэргүүцэж байгаа хэлбэр. Үүний төлөө хариуцлага тооцож, заавал товчлуур дарахыг шаардах нь өрөөсгөл. Ирц таслалтын хувийг 30 хувиар тогтоосон нь ямар ч үндэслэлгүй, дур мэдсэн тоо.
Иргэд, сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцдэг байх зохицуулалт нь эрсдэлтэй. Энэ нь эрх мэдэлтнүүдийн эсрэг дуугарсан, сөрөг байр суурьтай улс төрчдийг зориудаар намнах, төлбөртэй жагсаал цуглаан зохион байгуулах замаар шахалт үзүүлэх хэрэгсэл болж хувирах аюултай.
УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлэх тухай хуулийн заалтын тухайд, намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой гэсэн үндсэн санааг дэмжиж байгаа ч УИХ-ын даргыг нам бус болгох нь амьдрал дээр хэрэгжихгүй хууль болно. Их Британи, Австрали зэрэг улсад ийм жишиг байдаг ч Монголын нөхцөлд аль ч намаас сонгогдсон УИХ-ын дарга бүрэн нам бус байж чадахгүй. Хэрэгжих боломжгүй хууль батлах нь нийгэмд хууль биелүүлэхгүй байж болно гэсэн буруу сэтгэхүйг төрүүлэх сөрөг үр дагавартай гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.