🔴Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийг бүрэн зогсоогоогүй

AI хөрвүүлсэн

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг зогсоосон шалтгаан болон Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:

-Туулын хурдны замын ажлыг түр зогсоосон. Хуулийн дагуу тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад ажил эхлүүлсэнтэй холбоотой. Цаашид эхлэх улирлын шинж чанартай бүтээн байгуулалт, томоохон төсөл хөтөлбөрүүд ч мөн адил хуульд нийцэж, байгаль орчны сөрөг нөлөөллийн үнэлгээ, төлөвлөгөөгөө яамаар хянуулж батлуулсны дараа ажлаа эхлүүлэх шаардлагатай. Энэхүү шаардлагыг үл тоосон тохиолдолд үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авна. Одоогоор зөвшөөрөлгүй ажил эхлүүлсэн компанид торгууль ногдуулаад байгаа.

Байгаль орчны яам болон улсын байцаагч нар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гацаах, зогсоох зорилго агуулаагүй. Хуулийн хэрэгжилтийг хангуулж, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж байгаа. Салбарын эрдэмтэд, мэргэжлийн зөвлөлөөр хянуулж батлуулах хуулийн шаардлагаас гадуур нэмэлт шалгуур тавиагүй. Ажлаа хийж буй төрийн албан хаагчдыг буруутгах, дарамтлах үндэслэлгүй зүйл. 

Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор иргэдийн зүгээс байгаль орчноо хамгаалах гэсэн чин сэтгэлийн санал санаачилгыг ойлгож байна. Гэвч нөгөө талаас уг асуудлыг зориудаар улс төржүүлж, нийслэл болон эрх баригч намыг улс төрийн оноо авахаас сэргийлэх зорилгоор ажлыг гацаах гэсэн зохион байгуулалттай үйлдэл байж болзошгүй. Иргэдийн бодит эсэргүүцэл болон улс төрийн зорилготой үйлдлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Одоогоор тухайн байршилд явагдаж байсан бүх ажил бүрэн зогссон бөгөөд яамны зүгээс давхар хяналт тавьж байгаа.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн тухайд дэмжиж байгаа. Орон нутгийн иргэдийн дийлэнх олонх нь хариуцлагагүй гишүүдийг эргүүлэн татахыг дэмжиж байгаа. Чуулганы хуралдаанд 30-аас доош хувийн ирцтэй оролцсон эсвэл санал хураалтад хангалтгүй оролцсон гишүүдэд хариуцлага тооцож, эргүүлэн татах заалтыг дэмжиж байгаа.

Харин намаас болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гишүүнийг эргүүлэн татдаг байх зохицуулалтыг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь парламентын дархлаанд сөргөөр нөлөөлж, Үндсэн хуулийн маргаан дагуулж болзошгүй. Тиймээс хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд маргаантай заалтуудыг засаж залруулаад явах боломжтой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.