🔴 Д.Амарбаясгалан: Ардчилсан нам "Бодлогын нам" болох зорилттой

AI хөрвүүлсэн

Ардчилсан намаас "Нээлттэй, цэгцтэй" үндэсний аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэхүү аяныг өрнүүлэх болсон үндсэн шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гарсан дараалсан сонгуулийн ялагдлуудад дүгнэлт хийж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад оршиж буйг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан онцоллоо.

Тэрбээр намын зүгээс хоёр том асуудалд анхаарал хандуулж байгаа бөгөөд нэгдүгээрт, гишүүд дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, хоёрдугаарт, намын дотоод зохион байгуулалтыг цэгцлэх шаардлагатай гэж үзэж байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан: 

-Сонгуулийн үед гишүүд, дэмжигчдээ идэвхтэй ажиллуулах гол платформ болох гишүүнчлэлийн цахим бүртгэлийн системийг ашиглалтад оруулсан. Энэхүү систем нь гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийхээс гадна намын удирдлагын нэгдсэн платформ болох юм. Сонгууль тулсан үед штаб байгуулж ажиллахаас илүүтэйгээр бүх шатанд урьдчилсан байдлаар зохион байгуулалтаа цэгцлэх нь ирэх сонгуулиудад амжилт гаргах суурь нөхцөл болно.

Цаашид, Ардчилсан нам "Бодлогын нам" болох зорилт тавьж, ирэх 2.5 жилийн хугацаанд бодлогын гурван тулгуур бүтцийг бий болгон ажиллахаар шийдвэрлэсэн. Үүний нэгдүгээрт, УИХ дахь АН-ын бүлгийг бодлогын гол тулгуур гэж үзэж байна. Хоёрдугаарт, Үндэсний бодлогын хорооны дэргэд салбар бүрээр байр сууриа илэрхийлэх Бодлогын зөвлөлүүд болон тэдгээрийг зангидах Бодлогын ерөнхий зөвлөл ажиллах юм.

Гурав дахь гол бүтэц нь "Гэрэгэ" бодлого судалгааны хүрээлэн (Think Tank) юм. Тус хүрээлэн нь УИХ дахь бүлгээс гарах хуулийн төсөл, төрийн бодлого, төсөвтэй холбоотой шийдвэрүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэхээс гадна Үндэсний бодлогын хорооны захиалгаар салбарын судалгаануудыг гүйцэтгэх чиг үүрэгтэй. Ингэснээр 2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг цаг тулгалгүйгээр, 2.5 жилийн өмнөөс шинжлэх ухааны үндэслэлтэй судалж бэлэн болгох боломж бүрдсэн.

Зөвхөн намын мөрийн хөтөлбөрөөр зогсохгүй, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг эргэж харах, бодлогын томоохон судалгааны ажлуудыг ийнхүү эхлүүлж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.