Төрийн өмч дарга нарын биш, ард түмний өмч байх тогтолцоог бүрдүүлнэ
Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд өнөөдөр "Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ. Эдийн засгийн байнгын хороо болон Улсын Их Хурлын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь Нийтийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгох зорилготой юм. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, Дэд сайд О.Номинчимэг болон бусад албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцож байна.
1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өнгөрсөн хугацаанд нийт 38 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн анхны үзэл баримтлалыг алдагдуулж, "хуулийн цоорхой" үүсэхэд хүргэсэн байна. Эдгээр цоорхойг ашиглан өмч хувьчлалыг үр ашиггүй, хаалттай явуулдаг байсан тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарчээ. Шинэчилсэн найруулгын төслөөр өмчлөгч буюу парламент, менежер буюу Засгийн газар, орон нутгийн удирдлагын чиг үүргийг зааглаж, хариуцлагын тогтолцоог тодорхой болгохыг зорьж байна.
Нийтийн өмчийн бүртгэл, хяналтын тогтолцоог шинэчлэх нь шинэ хуулийн нэг гол цөм юм. Төрийн өмчийг ангилан бүртгэж, тэдгээрийг албан тушаалтнуудын ашиг сонирхолд бус, иргэдийн сайн сайхны төлөө ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Мэдээлэлд ойр цөөн хэдэн хүн өмч хувьчлалаар баяждаг байдлыг зогсоож, нийтийн өмчийн талаарх мэдээллийг иргэн бүрд нээлттэй, ил тод болгох тогтолцоо руу шилжихээр төлөвлөжээ. Энэ нь төрийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээх юм.
Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяагийн онцолсноор, уг хуулийг Төрийн өмчит компанийн засаглал, бүтээмжийн тухай хуулийн төсөлтэй хамт батлах нь нэн чухал юм. Учир нь нэг хууль нь өмчийг өөрийг нь, нөгөөх нь тухайн өмчийг удирдаж буй хуулийн этгээдийг зохицуулах тул салгаж үзэх нь эрсдэлтэй гэж үзэж байна. Мөн түүх соёлын дурсгалт зүйлс, палеонтологийн олдвор зэрэг стратегийн ач холбогдолтой хөрөнгийг үрэгдүүлэхгүй байх, төрийн хатуу хяналтад байлгах зохицуулалтууд тусгагджээ.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн хуулийн төслийг эцэслэн боловсруулж, 2026 оны намрын ээлжит чуулганаар батлуулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэчлэл хэрэгжсэнээр ашиглалтгүй зогсож буй төрийн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэн нь өсөхөөс гадна нийтийн өмчийн удирдлагад чанарын ахиц гарна гэж албаныхан хүлээж байна. Цаашид иргэний нийгмийн байгууллага, эрдэмтдийн саналыг үе шаттайгаар тусгахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.