🔴 Д.Үүрийнтуяа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь батлагдсанаасаа хойш 38 удаа өөрчлөгдөж, үндсэн концепц нь бүрэн алдагдсан
Нийтийн өмчийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа оролцож, төрийн болон орон нутгийн өмчийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар байр сууриа илэрхийллээ. Засгийн газраас өнгөрсөн оны нэгдүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа:
~Эдгээр хоёр хуулийг заавал хамтад нь хэлэлцэж батлах шаардлагатай. Учир нь нэг хууль нь өмчийн асуудлыг зохицуулдаг бол нөгөөх нь тухайн өмч дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж буй компаниудын засаглал, бүтээмжийг тодорхойлдог. Аль нэгийг нь салгаж хэлэлцэх нь хуулийн уялдаа холбоог алдагдуулж, эрсдэл дагуулах магадлалтай.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь батлагдсанаасаа хойш 38 удаа өөрчлөгдөж, үндсэн концепц нь бүрэн алдагдсан байна. Жишээлбэл, өмчлөгч нь УИХ байх уу, эсвэл ашиглагч субъект болох Засгийн газар захиран зарцуулах эрхтэй байх уу гэдэг нь хоорондоо зөрчилдөж, бүртгэл, хяналтын тогтолцоо ойлгомжгүй болсон. Энэхүү тодорхойгүй байдал нь төрийн өмчит компаниудын үр ашиггүй байдалд шууд нөлөөлж байна.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашиггүй ажиллаж байна гэж шүүмжлэхээс илүүтэй тэдний хууль эрх зүйн орчныг засах ёстой. Өмчийн эрх мэдэл, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх нь гүйцэтгэх удирдлагад тодорхой байж гэмээнэ тухайн компани бизнесийн зарчмаар ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Тиймээс шинэ хуулиар захиралтай байгуулах гэрээ, хариуцлагын механизм, тавигдах шаардлагыг тодорхой болгох нь чухал юм.
Мөн хуулийн этгээдийн статус тодорхойгүй байдлаас үүдэлтэй асуудлууд практик дээр их гарч байна. Тухайлбал, "Төрийн өмчит үйлдвэрийн газар" гэх нэршил хуулийн заалтуудад тодорхойгүй, төслийн нэгжүүд хуулийн этгээдийн эрхгүй мөртлөө асар их хэмжээний өмч хариуцдаг зэрэг нь эрх зүйн зохицуулалт шаардаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хүмүүс болон оролцогч талуудын саналыг тусгасан, амьдралд нийцсэн хууль гаргах шаардлагатай.
Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг зогсоох нь энэхүү шинэчлэлийн нэг гол зорилго юм. Өнөөдөр төрийн өмчит компаниуд ДНБ-ий 60 орчим хувийг бүрдүүлж байгаа нь бизнесийн эрүүл орчныг боомилж, хувийн хэвшлийн орон зайг хязгаарлаж байна. Хувийн хэвшил авч явах боломжтой салбаруудаас төр ухарч, зөвхөн татварын орлогоор төсвөө бүрдүүлдэг эрүүл тогтолцоонд шилжих ёстой.
Ажлын хэсгийн зүгээс эдгээр хуулийн төслүүдийг хаврын чуулганаар эхний хэлэлцүүлэгт оруулж, намрын чуулганд багтаан батлуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ яарахаас илүүтэй олон нийтийн хэлэлцүүлгийг чанартай зохион байгуулж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаагаа тэрээр илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.