Д.Тогтохсүрэнд хэзээ яллах дүгнэлт үйлдүүлэх вэ
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан, саяхныг хүртэл “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.Тогтохсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнд холбогдох нэг үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагаа тун удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхэд бэлэн болж буй гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр Д.Тогтохсүрэн БНХАУ-ын аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнаас Б.Гантулга гэх хүнээр дамжуулан их хэмжээний буюу 400 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Түүнд хахууль өгснөө хятад, монгол иргэд хүлээн зөвшөөрсөн гэдэг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд онц их хэмжээний хээл хахууль авсан гэх зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцоод буй юм. Үүнийг нь шалгах ажиллагаа дууссан аж. Харин албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийнх нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Хахуулийн хэрэгт тусад нь яллах дүгнэлт үйлдэх, эсвэл нөгөө үйлдлүүдтэй нь нэгтгэж шүүхэд шилжүүлэх үү гэдгийг хяналтын прокурорын шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт үйлчилж буй билээ.
Хуучнаар “Монголросцветмет” буюу өнөөгийн “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал болсноосоо хойш албан тушаалаа урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэлд холбогдсон байдаг. Тодруулбал, Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай байж болзошгүй аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцож, өндөр дүнтэй ашиг олдог байх магадлалтай гэх баримт, мэдээллийн дагуу хууль сахиулах байгууллагынхан шалгаж буй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.