Краснодар хязгаарын дэд захирагч асны зуслангаас 4 сая ам.доллар, 7 сая евро болон 31 сая рубль бэлнээр гарчээ
ОХУ-ын Краснодар хязгаарын дэд захирагч асан Андрей Коробкаг их хэмжээний авлигын гэмт хэрэгт буруутган 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр баривчилж, Ленинскийн дүүргийн шүүхээс түүнийг зургаадугаар сарын 6-ны өдөр хүртэл цагдан хорих шийдвэр гаргалаа.
2015 оноос хойш тус бүс нутгийн хөдөө аж ахуйн цогцолборыг хариуцан ажиллаж байсан түүнийг Ерөнхий прокурорын газрын хүсэлтээр албан тушаалаас нь албан ёсоор чөлөөлсөн байна. Энэхүү хэрэг нь Оросын төрийн өндөр албан тушаалтнуудын дунд гарсан томоохон авлигын дуулианы нэг болоод байна.
Мөрдөн байцаалтын явцад А.Коробкаг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "онц их хэмжээний залилан" үйлдсэн гэж үзэж байгаа юм. Тэрээр 2025 оны арваннэгдүгээр сард Динской дүүргийн үйлдвэрлэлийн зориулалттай газрыг орон сууцны хороолол барих зөвшөөрөл бүхий бүс болгон өөрчилж өгнө хэмээн барилгын компанид амлалт өгчээ. Үүний хариуд 2026 оны нэгдүгээр сард түүний хяналтад байдаг "Первореченский спортын клуб"-ын дансанд 15 сая рублийн хахууль шилжүүлэн авсан гэж мөрдөгчид тогтоосон байна.
Хууль хяналтын байгууллагынхан А.Коробкагийн Динская тосгон дахь тансаг зэрэглэлийн эдлэн газарт нь нэгжлэг хийх явцад сейфнээс нь 4 сая ам.доллар, 7 сая евро болон 31 сая рублийн бэлэн мөнгө илрүүлжээ.
"Кондратьевын зуслан" гэж нутгийн иргэдийн нэрлэдэг уг эдлэн нь 130 га талбайг хамардаг бөгөөд дотроо хувийн сүм, нисдэг тэрэгний буудал, 1.5 км урт хувийн усан зогсоол, теннисний талбай болон усан сангуудтай аж. Уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум рублиэс давсан байна.

Ерөнхий прокурорын газраас А.Коробка болон түүний гэр бүл, хамсаатан болох 20 орчим хүний эсрэг авлигын эсрэг нэхэмжлэл гаргаж, нийт 10 тэрбум рублийн кадастрын үнэлгээ бүхий хөрөнгийг битүүмжлээд байна. Битүүмжлэгдсэн хөрөнгөд 135 газар, 100 барилга байгууламж, 12 компанийн хувьцаа болон 12,500 га тариалангийн талбайн түрээсийн эрх багтжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээ нь 100 тэрбум рубль буюу 1.2 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байгаа юм.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд А.Коробка шүүх хурлын үеэр өөрийн тансаг харшийг "миний эзэмшил биш" хэмээн үгүйсгэсэн байна. Гэвч түүнийг баривчлагдахаас өмнөхөн гэрээсээ ачааны машинаар эд зүйлсээ зөөж, нотлох баримтыг устгахыг оролдсон гэж прокурорууд үзэж байгаа юм. Тэрээр гэрчүүдэд нөлөөлөх, эсвэл баримт бичиг устгахаас сэргийлж, зургаадугаар сар хүртэл цагдан хоригдох бөгөөд хэргийн мөрдөн байцаалт эрчимтэй явагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.