Энэтхэг улс түүхэндээ анх удаа бүрэн цахим хэлбэрээр 1.4 тэрбум орчим хүн амаа тоолно
Энэтхэг улс 1.4 тэрбум орчим хүн амаа бүртгэх түүхэн дэх анхны бүрэн цахим хүн амын тооллогын идэвхтэй үе шатаа албан ёсоор эхлүүллээ. КОВИД-19 цар тахлын улмаас таван жилээр хойшлогдсон энэхүү томоохон хэмжээний захиргааны ажил нь тус улсын тусгаар тогтнолоос хойших найм дахь, нийт 16 дахь удаагийн тооллого болж байна.
Тооллогыг ирэх нэг жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний шат болох "Барилга байгууламжийн жагсаалт ба орон сууцны тооллого" дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны хооронд үргэлжлэх бөгөөд албаны хүмүүс барилга байгууламж, орон сууцны нөхцөл, өрхийн хөрөнгийг системтэйгээр бүртгэж байна. Харин хоёр дахь шат буюу хүн амын нарийвчилсан бүртгэл 2027 оны хоёрдугаар сард явагдах бөгөөд үүнд иргэдийн боловсрол, нийгэм, эдийн засгийн байдлыг тусгах юм.
Энэтхэгийн түүхэнд анх удаа цаасан хэлбэрээс бүрэн татгалзаж, дижитал системийг нэвтрүүлсэн нь энэ удаагийн тооллогын гол онцлог юм. Нийт 3 сая орчим тоологч олон хэл дээр ажилладаг гар утасны аппликейшн ашиглан мэдээлэл цуглуулж байгаа бөгөөд энэ нь алслагдсан бүс нутагт интернетгүй орчинд ч ажиллах боломжтой. Мөн иргэд тусгай вэб порталаар дамжуулан өөрсдийгөө бүртгүүлэх боломжтой болсон нь хаалга тогших уламжлалт аргыг хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэж байна.
Энэ удаагийн тооллогоор 1931 оноос хойш анх удаа кастын бүртгэлийг иж бүрэн хийж байгаа нь төрийн халамж, нөөц баялгийг илүү оновчтой хуваарилахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн нийгмийн өөрчлөлтийг тусган хамтран амьдрагч хосуудыг албан ёсны бүртгэлд гэрлэсэнтэй адилтган тооцож эхэлжээ. Эхний шатанд иргэдээс орон сууцны материал, ундны ус, цахилгаан, интернет зэрэг ахуйн нөхцөлтэй холбоотой 33 асуултад хариулт авч байгаа бөгөөд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй байгаа нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Засгийн газраас энэхүү ажилд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар буюу 12,000 крор рупи төсөвлөсөн байна. Энэхүү төсөв нь дижитал дэд бүтэц, сая сая ажилтнуудыг сургах, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зарцуулагдаж байгаа юм. Тооллогын үйл ажиллагаа Энэтхэгийн бүх 28 муж, холбооны 8 нутаг дэвсгэрийг хамарч, 7,000 орчим хот, 640,000 тосгоныг хамарч байна.
Тооллогын үр дүн нь Энэтхэгийн засаглал, улс төрийн бүтцэд томоохон өөрчлөлт авчрах хүлээлттэй байна. Шинэчилсэн мэдээлэлд үндэслэн сонгуулийн тойргуудыг дахин хуваарилах, хууль тогтоох байгууллагын суудлын гуравны нэгийг эмэгтэйчүүдэд нөөцлөх тухай 2023 оны хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Мэдээлэл цуглуулах ажил 2027 оны гуравдугаар сарын 31-нд дуусах бөгөөд дижитал технологийн ачаар үр дүн нь өмнөх жилүүдээс харьцангуй хурдан гарах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.