АНУ болон Иран хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрт хүрч, цэргийн томоохон мөргөлдөөнөөс зайлсхийж чадсанаа мэдэгдлээ.
Цагаан ордноос тогтоосон эцсийн хугацаа дуусахаас ердөө нэг цагийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 7-ны мягмар гаргийн орой талууд тохиролцоонд хүрсэн байна. Энэхүү 14 хоногийн хугацаатай "хоёр талт" цэргийн ажиллагааг зогсоох хэлэлцээр нь Ираны талаас Ормузын хоолойг олон улсын тээвэрлэлтэд нэн даруй, аюулгүйгээр нээх үндсэн нөхцөлтэйгөөр хэрэгжиж эхэллээ.
Хэлэлцээрийн хүрээнд Ерөнхийлөгч Трамп Ираны цахилгаан станц, гүүр болон бусад амин чухал дэд бүтцийг онилсон "эрчимтэй бөмбөгдөлтийн ажиллагаа"-гаа түр зогсоохоор зөвшөөрсөн юм.
Үүний зэрэгцээ Израил улс ч мөн адил хоёр долоо хоногийн турш Ираны нутаг дэвсгэрт цохилт өгөхөө зогсоож, энэхүү түр эвлэрэлд нэгдэж байгааг Цагаан ордон болон Израилын цэргийн албаныхан баталлаа. Өмнө нь АНУ болон Израил Ираны төмөр зам, гүүр, нефть химийн байгууламжуудад цохилт өгөөд байсан бөгөөд Иран улс цахилгаан станцуудаа хамгаалахын тулд иргэний "амьд хэлхээ" үүсгэхийг уриалж байсан юм.
Энэхүү эвлэрлийг тогтооход Пакистан улс гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Ерөнхийлөгч Трамп Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф болон фельдмаршал Асим Мунир нартай хэлэлцсэний үндсэн дээр цохилт өгөх шийдвэрээ хойшлуулжээ. Мөн БНХАУ-ын зүгээс Тегеранд шахалт үзүүлсэн нь хэлэлцээр амжилттай болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Ираны талаас ирүүлсэн 10 заалт бүхий энхийн саналыг Трамп "хэлэлцээ хийх боломжтой үндэслэл" гэж тодорхойлсон бөгөөд үүнд хориг арга хэмжээг цуцлах, Ливан дахь Израилын цохилтыг зогсоох зэрэг асуудлууд багтсан байна.
Гал зогсоох шийдвэр гарсны дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч, ердөө 30 минутын дотор WTI маркийн тосны үнэ 9 гаруй хувиар уналаа. Энэ нь дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг хэсэг дамждаг Ормузын хоолой хаагдах аюул багассантай шууд холбоотой юм.
Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеигийн зөвшөөрлөөр тус улсын албаны хүмүүс хэлэлцээрийг хүлээн авсан ч энэхүү түр эвлэрэл нь "дайн бүрмөсөн дууссан гэсэн үг биш" гэдгийг анхааруулсан байна.
Талууд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны энхийн гэрээг эцэслэн байгуулах албан ёсны хэлэлцээг энэ баасан гарагт Пакистаны Исламабад хотод эхлүүлэхээр товлоод байна. Ирэх хоёр долоо хоногийн хугацаа нь Ойрхи Дорнодод томоохон хэмжээний дайн дэгдэх үү, эсвэл дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх үү гэдгийг тодорхойлох шийдвэрлэх үе байх болно. Дэлхий нийт Исламабадад болох уулзалтын үр дүнг анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж:
• wunc.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.