УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.07/ Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Монгол Улсын 2027–2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан"-гийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулллаа.

Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн нөхцөл, эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байгаа тул экспортын орлогын тогтворгүй байдал нь гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй тул эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулахаар ажиллаж эхэлснийг дуулгаад макро эдийн засгийн загварчлал дээр ажиллах мэргэжилтэн, шинжээчид ажиллуулах шаардлагатай байна гэв.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Улсын Их Хурлын дэргэдэх Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн бодлого тодорхойлоход зөвлөх чиг үүрэгтэй гол байгууллага гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтуудыг сөрөн тэсвэрлэхэд чиглэсэн ойрын хугацаан дахь төсөв, санхүү, эдийн засгийг том зураглалаар нь харуулсан цогц таамаглал, зөвлөмж гаргаж танилцуулахыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд чиглэл болголоо.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.