ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Сангийн яамны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.04.07/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй яамны удирдлагууд болон Сангийн яамны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдал нь дэлхийн зах зээл, тэр дундаа шатахуун, хүнсний үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар мэдээлэл өгч, Монгол Улсын эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Мөн тэрээр:
- Хөдөө аж ахуйн салбарын 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
- Малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулахад онцгойлон анхаарах,
- Хаврын тариалалтын ид үеэр тариаланчдад нэмэгдсэн өртөггүй нөхцөлөөр дизель түлш нийлүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрөгч онд газар тариалангийн бүс нутгийг хамарсан гангийн улмаас тариаланчдын үйлдвэрлэлд хүндрэл үүсэж, төлөвлөгөө тасалдах, зээлийн эргэн төлөлт доголдох нөхцөл бүрдсэн талаар танилцуулж, Засгийн газрын зүгээс бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг уламжилсан юм.
Түүнчлэн махны экспорт хэвийн үргэлжилж байгаа хэдий ч малын гоц халдварт өвчний тархалт буурахгүй байгаа нь салбарын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дурдлаа.

Уулзалтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг Евразийн зах зээлд нийлүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар мэдээлэл өгч, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс бодлогын болон зохицуулалтын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүссэн юм.
Талууд цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.